Шууд Chart

Отор нүүдлээр явахдаа малаа вакцинжуулалтад заавал хамруулаарай

2017-09-11 17:02:16

Төв аймгийн Сэргэлэн сум "Бөхөгийн гол", Алтанбулаг сумын "Сүжгийн адаг"-т малын гоц халдварт шүлхий өвчин дэгдээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар Сэргэлэн сумын нутагт гарсан өвчлөл намдсан бол Алтанбулаг сумын Сүжгийн голд буусан хоёр айлын малын өвчлөл зогсоогүй байна.

Голомтын бүсийн хяналтын долоон цэгт 11 сумын 33 мэргэжилтэн хорио цээрийн арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 12 сумын 843 өрхийн 19 мянга 687 үхэр, 341 мянган малыг тус тус вакцинжуулсан бөгөөд нэмэлт вакцинжуулалт дуусч байна. Вакцинжуулалтад 29 ажлын хэсэг, 81 хүн ажилласан бөгөөд вакцинжуулалт 100 хувьтай явагдсан гэж Төв аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн албаны дарга Б.Болдбаатар хэллээ.

Шүлхий өвчин дэлгэрсэн Сэргэлэн сумаас 273 үхэр, 93 бог, Алтанбулаг сумаас 36 үхрийг устгалд оруулжээ. Түүнчлэн хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан аймгийн “Онцгой комисс"-ын шийдвэрээр ажлын хэсэг гарч голомтын бүс дотор байгаа 17 өрхийн 52 хүнд эрүүл мэндийн үзлэг хийж, сургуулийн насны 12 оюутан, сурагчийг тус бүсээс гаргасан байна.

Мөн Сэргэлэн сумын Бөхөгийн голд намаржиж байгаа айл өрхүүдэд Баянхангай, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Сэргэлэн, Баянцогт, Аргалант, Угтаал-Цайдам зэрэг сумын удирдлагууд хүнсний бүтээгдэхүүн, эм тариа зэрэг хэрэглээний зүйлсийг олгосон аж.

Цаашид энэ сарын 15-наас ирэх сарын 1-ний хооронд ОХУ-аас орж ирэх нэмэлт вакцинаар 27 сумын бүх малыг вакцинжуулна. Эхний ээлжинд 300 мянган үхэр, гурван сая хонийг вакцинжуулах юм байна.

Малын өвчлөл тухайн орон нутгаас биш өөр газраас отроор нүүж ирсэн айлуудад их тохиолдож байна. Тиймээс отор нүүдлээр явахдаа малаа вакцинжуулалтад хамруулж явахыг аймгийн ХХААГ-аас анхаарууллаа. Та бүхэнд ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн албаны дарга Б.Болдбаатарын яриаг хүргэе.


Отор нүүдлээр явахдаа малаа вакцинжуулалтад заавал хамруулаарай   
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй