Шууд Chart

АНУ, БНХАУ-ын удирдагчид Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцлээ

2017-09-19 19:29:12

АНУ, БНХАУ-ын удирдагчид өчигдөр  Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэж, Умард Солонгосын эсрэг авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх талд санал нэгдсэн гэдгийг Цагаан ордноос мэдэгдлээ. Харин Пхеньяаны талаас “Олон улс хоригоо чангатгах тусам цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлнэ” гэдгээ анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл жилийн гурван тэрбум америк доллараар хэмжигддэг Умард Солонгосын орлогын гуравны нэгийг танах хэмжээний хориг арга хэмжээ авсан бөгөөд үүнээс дөрөв хоногийн дараа Пхеньяан дахин пуужингийн туршилт хийсэн.

Баасан гарагт Ким Жон Ун дахин пуужин харвасны дараа АНУ, Өмнөд Солонгосын эрх баригчид Солонгосын хойг дахь цэргийн сургуулилтаа эрчимжүүлж эхэлсэн. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр энэ хамтарсан сургуулилт сард 2-3 удаа болох юм.

Үүнээс гадна Хятад, Оросын бие бүрэлдэхүүн Умард Солонгосын хилийн ойролцоо хамтарсан цэргийн сургуулилтаа эхэллээ. Хэдий тийм боловч талуудын аль аль нь сургуулилтыг Умард Солонгосын асуудалтай холбож тайлбарлаагүй. Учир нь ОХУ болон БНХАУ тус бүс нутгийн асуудлыг энхийн замаар шийдэхийг уриалсаар байгаа юм.


АНУ, БНХАУ-ын удирдагчид Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцлээ  
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй