
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт болсон НҮБ-ын ерөнхий хурал дээр "Хэрвээ Хойд Солонгос улс орныг нь болоод түүний холбоотнуудыг хаацайлж хамгаалахад хүргэвэл АНУ тус улсыг устгах болно" гэж мэдэгдэж, Хойд Солонгосын удирдагч Ким Жон-Уныг “өөрийгөө хорлож буй пуужин хүн” хэмээн хэлжээ.
Мөн Доналд Трамп Иран улсыг “Хуурамч ардчиллын дүр төрхтэй, хүчирхийлэл, цус урсалт, эмх замбараагүй байдал дэлгэрүүлсэн авлигад өртсөн дарангуйлагч засаглалтай улс” гэж хэлсэн байна. Тэрбээр Ираны эрх баригчдад хандан, Терроризмыг дэмжихээ зогсоож, Обама Ерөнхийлөгчийн үед байгуулсан Ираны цөмийн гэрээг хамгийн муу, нэг талыг барьсан эргэлзээтэй, ойлгомжгүй гэрээ гэж шүүмжилжээ.
АНУ-ын ерөнхийлөгч, Венесуэлийн эрх баригчдыг нийгмийг дарангуйлагч, авлига хээл хахуульд автсан улс гээд тус улсын энэ үйлдлийнх нь эсрэг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаагаа хэлсэн байна. Түүний хэлсэн үгний хариуд Хойд Солонгосын талаас одоогоор ямар нэгэн хариу хэлээгүй байгаа ч Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф “Трампын мэдлэггүй мунхаг үг дундад зууны үед хамааралтай болохоос биш, 21 дүгээр зууны НҮБ-д хамаагүй” гэж мэдэгджээ.
Мөн Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса “Трамп бол бүх дэлхийн ерөнхийлөгч биш, тэр өөрийнхөө улсын асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй” хэмээн хариулж байжээ.
Энэ үеэр Францын ерөнхийлөгч Макрон, АНУ-ыг Ираны цөмийн гэрээнээс гарвал энэ нь буруу шийдвэр болох юм хэмээж байсан бол, Венесуэлийн гол холбоотон болох Болив улсын ерөнхийлөгч Трамп мэтийн саятан хөрөнгөн хүмүүс, социалист дэглэм рүү халдаж байгаад нь гайхахгүй гэж хэлсэн байна.
Харин Израйлын ерөнхий сайд Бенжамин Нятеньяху Трампын хэлсэн үгнүүдийг дэмжиж, Ираны цөмийн гэрээг шинэчилж, эсвэл бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй гээд Ираныг Ойрхи Дорнодод мэдлээ тогтоох гэсэн үйлдлийг нь эсэргүүцэж байжээ.
НҮБ-ын ерөнхий чуулганы энэ хуралдааны талаар "Ройтерс" агентлагийн сурвалжилагч мэдээлэхдээ Доналд Трампыг үг хэлэх үеэр гайхаж шогширсон шуугиан зааланд сонсдож байсан бол бүр зарим гишүүн улсын төлөөлөгч нүүрээ гараараа дарж байжээ. Шведийн Гадаад хэргийн сайд "ВВС" агентлагт ярилцлага өгөхдөө элгэндээ гараа эвхэрсэн байдалтайгаар энэ бол буруу цагт хэлсэн буруу үг гэж ярьжээ.
Доналд Трампын НҮБ-ын ерөнхий ассамблейд хэлсэн үг шүүмжлэл дагуулж байна | ||
Үзсэн: 965 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.