Шууд Chart

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 150-д дөхөөд байна

2017-09-20 14:40:20

Мексикт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 150-д дөхөөд байна. Тодруулбал, Мехико хотод сургуулийн барилга нурах үеэр 20 гаруй хүүхэд, насанд хүрсэн 4 хүн нас барж, хэд хэдэн хүүхэд сураггүй болсныг албаныхан мэдээлж байна.

Өчигдөр Мексикийн төв мужуудад орон нутгийн цагаар 13 цаг 14 минутын орчим 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. 1985 оны 9 есдүгээр сарын 19-нд Мексикийн түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, 10 мянган хүн нас барж байсныг эх сурвалжууд сануулж байна.

Энэ байгалийн гамшигт үзэгдлийн 32 жилийн ойн дээр өчигдөр Мексикийн ард иргэд газар хөдлөлийн аюулын үед авах арга хэмжээ, бэлтгэл сургуулилтад оролцож байх зуурт газар хүчтэй хөдөлж, ихээхэн хор хохирол дагуулсан байна.

Энэ газар хөдлөлийн төв нь Мексикийн төв муж болох Пуебла мужид буюу Мехико хотоос 120 орчим км-ийн зайтай газар 51 км-ийн гүнд  байсан гэж АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлжээ. 

Энэ үеэр Мехико хотын хүн ам ихээр суурьшсан хэсэг, зэргэлдээх хоёр мужид байшин барилгууд нурж, нас барагсдын тоо улсын хэмжээнд 149-д хүрээд байгааг Мексикийн иргэний хамгааллын агентлагаас мэдээлж байна.

Үүнээс Мехико хотын өмнөд муж болох Морелос мужид хамгийн олон буюу 55 хүн нас барсан бол Пуебла мужид 32 хүн, Мехико хотод 10 хүн, Герре́ро мужид 3 хүн  барсныг албаныхан мэдээлжээ.

Мехико хотод сургуулийн барилга нурах үеэр зарим хүүхдүүдийг аварсан боловч зарим нь одоо ч нурангинаас гарч чадахгүй байгаа юм байна. Мексикийн Ерөнхийлөгч Энри́ке Пе́нья Нье́то гамшигт өртсөн газруудад онцгой байдал зарласан бол, Мехико хотын олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа зогсоон, барилга байгууламжуудаа аюулд өртсөн эсэхийг шалгаж байгаа юм байна. 

Хоёр сая хүн эрчим хүч, харилцаа холбоогүй болжээ. Хотын даргын мэдээлснээр Мехико хотод л гэхэд 44 барилга нурж сүйдсэн байна. Энэ сарын эхээр Мексикийн өмнөд бүс нутагт 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 100 орчим хүн амиа алдсан билээ.


Хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 150-д дөхөөд байна   
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй