Шууд Chart

Родриго Дутертегийн бодлогыг эсэргүүцэж жагслаа

2017-09-22 12:35:07

Филиппинд Ерөнхийлөгч Родриго Дутертегийн бодлогыг эсэргүүцсэн хэдэн мянган хүн гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулжээ. Нийслэл Манила хотод пүрэв гарагт болсон энэ жагсаалд найман мянга гаруй хүн оролцсон байна.
Тэд Ерөнхийлөгч Родриго Дутертегийн цэргийн дэглэм сэргээснийг болон хар тамхины эсрэг хөдөлгөөн өрнүүлж, хэдэн мянган хүний аминд хүрсэн үйлдлийг буруутгажээ.

“Манай улс оршуулгын газар болж хувирч байна. Яг Фердинанд Маркосын үед байсан шиг хүмүүс өдөр бүр амиа алдаж, тэдгээрийг булшилж, оршуулах ажлыг бид өдөр бүр хийж байна” гэж Дутертег эсэргүүцэгчдийн тэргүүн Педро Гонзалес ярьжээ. Учир нь Филиппиний Ерөнхийлөгч агсан Фердинанд Маркос цэргийн дэглэм тогтоосноос хойш 45 жил болж байна.

Жагсагчид Манила хот дахь Ерөнхийлөгчийн ордны болон их сургуулиуд, цэргийн штабуудын гадаа  “Аллагаа зогсоо”, “Цэргийн дэглэмгүй болцгооё” гэсэн утга бүхий зурагт хуудас барин жагсаж, Ерөнхийлөгчийнхөө хөрөг зургийг шатаасан байна.

Гэвч эсэргүүцэгчдийн энэ жагсаал цуглааны хажуугаар Ерөнхийлөгч Дутертег дэмжигчид мөн жагсаал хийжээ. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте нь өөрийн харгис хэрцгий шийдвэрээс гадна өмнө нь Филиппиний Ерөнхийлөгч байсан Фердинад Маркосын гэр бүлтэй ойр дотно хүндэтгэлтэй харьцаж байгаагаасаа болж ихээр шүүмжлүүлж байна.  Тэрбээр өнгөрсөн жил сонгуульд ялалт байгуулж гарч ирэхдээ хар тамхитай холбоотой хэнийг ч болов буудан устгах үүргийг цагдаа хүчнийхэндээ өгсөн. Гэтэл түүний хүргэн хүүгээс гадна төрсөн хүү Паоло Дутертег нь БНХАУ-аас Филиппин рүү усан онгоцоор хар тамхи зөөвөрлөхөд оролцсон гэх хэрэгт холбогдоод байгаа юм. Паоло Дутерте уг асуудлаараа энэ сарын эхээр Сенатын танхимд мэдүүлэг өгч, ул үндэсгүй худал мэдээлэл гэж тайлбарласан.

Харин Ерөнхийлөгч Дутерте өөрөө энэ асуудалд ямар хариу үйлдэл хийх бол гэсэн хүлээлт олон нийтэд байна. Сүүлийн мэдээллээр “Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Паолог буудахыг хүлээн зөвшөөрнө” гэдгээ Дутерте илэрхийлээд байна. Тэрбээр энэ тухайгаа хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ “Бид хүүдээ, хэрвээ чи баригдвал, би чамайг буудах үүрэг өгнө. Тэгээд хэрвээ энэ үнэн байх юм бол чамайг буудсан цагдааг би хаацайлан хамгаалах болно гэж хэлсэн” гэж ярьжээ.


Родриго Дутертегийн бодлогыг эсэргүүцэж жагслаа   
Үзсэн: 1450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй