
Зүүн Азийн эдийн засаг өсөх хандлагатай байгаа ч, худалдааны хязгаарлалт, геополитикийн хурцадмал байдал зэрэг нь бүс нутагт эрсдэл дагуулахаар байна гэж Дэлхийн банкнаас мэдээллээ.
Энэ төсөөллөөр Зүүн Ази, Номхон далайн хөгжиж байгаа орнуудын эдийн засаг энэ онд 6.4 хувиар өсөхөөр байгаа бол ирэх онд 6.2 хувиар нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан урьдчилсан төлөвөөр энэ бүс нутгийн эдийн засаг энэ онд 6.2 хувь, ирэх 2018 онд 6.1 хувь байхаар байсан юм.
Тус банкнаас өнөөдөр хийсэн тайлан мэдээллээрээ “Дотоодын эрэлт хэрэгцээ сайжирч, гадаад хүчин зүйл дээрдсэнээр Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хэтийн төлөв эерэг хандлагатай үргэлжлэх хэвээр байна” гэж мэдэгдэж байна. Гэвч худалдааг хязгаарлах бодлого идэвхижсэнээр геополитикийн хагарал хуваагдал зэрэг нь эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгааг ч сануулж байна.
Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын маргаан, хурц мэдэгдлүүд нэмэгдсэн нь алдаатай бодлого тооцоонд хүргэнэ гэсэн болгоомжлол байгааг олон улсын зарим хэвлэл бичиж байна. Үүний шалтгааныг Дэлхийн банкнаас тайлбарлахдаа, "Дэлхийн тээвэр, үйлдвэрлэл хангамжийн сүлжээний хурцадмал байдал нь олон улсын худалдааны урсгал, эдийн засгийн үйл ажиллагааг зогсоох эрсдэл үүсгэж байгаа юм” гэжээ.
Үүнээс үүдэн санхүүгийн зах зээл тогтворгүйтэж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд саад бэрхшээл учирч байна. Тиймээс хөрөнгийн урсгалыг идэвхижүүлэх аюулгүй бодлого барих хэрэгтэй гэдгийг Дэлхийн банкнаас зөвлөж байна.
Тэдний төсөөлж байгаагаар Зүүн Азийн гол тоглогчдын нэг болох БНХАУ-ын эдийн засаг энэ онд 6.7 хувиар өсч байгаа бол ирэх 2018 онд 6.4 хувиар нэмэгдэх хандлагатай байна. Эдгээр үзүүлэлт нь өмнө гаргасан тайлан мэдээллээс 0.2 болон 0.1 хувиар нэмэгдсэн дүн юм байна. Тус улсын хувьд дотоодын хэрэглээнд чиглэсэн гадаад хэрэгцээ шаардлага, хөрөнгө оруулалтаас хараат бусаар дотоодын санхүүг тогтвортой барьдаг учраас ирэх 2 жилд эдийн засгийн өсөлт нь хэвийн байх гэж Дэлхийн банк мэдэгдэж байна.
Мөн Малайз, Тайланд зэрэг улсын эдийн засаг өсөлттэй байхаар байгаа бол Мяньмар, Филиппин гэх мэт Зүүн өмнөд Азийн зарим улсын эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байна гэж мэргэжлийн байгууллага харж байна. Учир нь Мьяньмарт болж байгаа хямралаас үүдэн хагас сая орчим Рохинжа үндэстэн тус улсаас зугтаж, үүнийг нь НҮБ-аас “Үндэсний цөөнхүүдийг устгах бодлого” явуулж байна гэж буруутгасан. Харин Филиппинд Засгийн газраас төлөвлөсөн дэд бүтцийн хөтөлбөр хэрэгжилгүй хүлээгдсэнээр энэ улсын эдийн засгийн өсөлт саарахаар байгааг Дэлхийн банк тайлбарлажээ.
Тэгвэл эдийн засгийн өсөлтөө хадгалах Малайз, Тайланд улс нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, экспорт, аялал жуулчлалыг сэргээснээр орлого нэмэгдэж байгаа гэж тайлбарлаж байна.
Дэлхийн банк: Зүүн Азийн эдийн засаг өсөх хандлагатай ч, геополитикийн хурцадмал байдал эрсдэл дагуулахаар байна | ||
Үзсэн: 1584 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.