
Нийслэлийн иргэдээс нийслэлийн ЗДТГ болон иргэдийг хүлээн авах төвд хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцалж өгөх талаар хүсэлт ирүүлсэн. Нийслэлийн удирдлагууд аливаа томоохон шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчим баримталж байгаа тул иргэдийн хүсэлтийн дагуу дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар 2013 оны 11 сарын 13-15 хүртэл 48 цагийн хугацаанд санал авсан. Саналыг цахим хуудас, мессеж гэсэн 2 хэлбэрээр авсан бөгөөд цахим хуудсаар саналаа өгсөн иргэдийн 70 гаруй хувь нь цуцлахыг дэмжсэн бол Мобикомын 100 мянган хэрэглэгчээс хариу мессеж илгээсэн иргэдийн 50 гаруй хувь нь дэмжихгүй гэсэн. Санал асуулгын дүн ийнхүү зөрүүтэй гарсан тул нийслэлийн удирдлагын зөвлөлийн 11 сарын 23-ны ээлжит хуралдааны шийдвэрээр дахин санал авахаар болж, Мобикомын 200 мянган хэрэглэгчээс өнөөдөр буюу Лхагва гарагт 07-22 цагийн хооронд мессежээр, нийслэлийн лавлагаа мэдээллийн 1200 утсанд дуудлагаар санал авч байна. Энэ нь эцсийн шийдвэр гаргахад иргэдийг илүү өргөн хүрээнд хамруулж чадна гэж албаныхан үзжээ. Мессежээр санал асуулга явуулан, дүнг нэгтгэх техникийн хүчин чадалтай үүрэн телефоны хоёр оператор компани байдгаас Мобиком нь хамгийн хямд буюу санал асуулгын нэг мессеж илгээхэд 12 төгрөг зарцуулдаг байна. Өнөөдөр иргэдийн илгээсэн хариу мессеж, дуудлагаар дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэхийг шийдвэрлэх тул 22 цаг хүртэл үргэлжлэх санал асуулгад иргэд идэвхтэй оролцон, мессеж очсон тохиолдолд хариу заавал илгээгээрэй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дугаарын хязгаарлалтын санал асуулга өнөөдөр 22 цаг хүртэл үргэлжилнэ | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.