
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эмэгтэй дүүгээ Ажилчдын намын улс төрийн товчооны орлогч гишүүнээр томиллоо. Энэ тухай БНАСАУ-ын төрийн хэвлэлд нийтлэснээр өнгөрөгч бямба гарагт тус улсын эрх баригч Ажилчдын намын төв хороо нэгдсэн чуулганаа хийсэн байна. Энэ үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хурдасгана” гэдгээ мэдэгдэж, намын удирдлагуудаа сэлгэж байгаагаа зарлажээ.
Үүнд, Хойд Солонгосын Ажилчдын намын улс төрийн товчооны таван шинэ гишүүнээс гадна орлогч дөрвөн гишүүний зургийг Хойд Солонгосын хэвлэлүүдэд нийтэлсэн байна. Эдгээрээс улс төрийн товчооны орлогч 4 гишүүний нэг нь Ким Жон Ун-ы эмэгтэй дүү Ким Жон Ён болж байгаа юм.
Түүнээс гадна Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо улс төрийн товчооны жинхэнэ гишүүнээр томилогдсон байна. Ингэж Хойд Солонгосын шийдвэр гаргах гол байгууллагад тушаал ахиулснаараа Ким Жон Ун эмэгтэй дүүдээ илүү их эрх мэдэл олгож байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Ким Жон Ён нь энэ жил 30 настай, одоогоор Хойд Солонгосын Ажилчдын намын суртал ухуулгын хэлтсийн дэд захирлаар ажилладаг. Тэрбээр өнгөрсөн жилийн тавдугаар сард намын төв хороонд сонгогдож, сүүлийн үед ах Ким Жон Унтай хамт явж харагдах болсныг хэвлэлүүд тэмдэглэж байгаа юм. АНУ-ын хар жагсаалтад түүний нэр багтсан байдаг.
Ням гарагт Хойд Солонгосын удирдагч асан Ким Жон Ил Хойд Солонгосын Ажилчдын намын ерөнхий нарийн бичгийн алба хашсаны 20 жилийн ой тохиосон байна. Энэ үеэр тус улсын одоогийн удирдагч Ким Жон Ун төв хорооны гишүүдтэйгээ хамт эцэг Ким Жон Ил-ийн бунханд очиж хүндэтгэл үзүүлсэн байна. Үндсэндээ Ким-ийн гэр бүлийнхэн дэлхийн хоёрдугаар дайны дараа 1948 онд Хойд Солонгос улс байгуулагдсан цагаас хойш улс орноо захирч байгаа юм.
Хойд Солонгосын Ажилчдын намын үүсэн байгуулагдсан өдөр энэ мягмар гарагт болох юм байна. Харин бямба гарагт болсон чуулганы үеэр Ким Жон Ун мэдэгдэл хийсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийгээд ямар ч үр дүн гарахгүй гэж твиттер хуудсандаа бичсэн байна. Тэрбээр энэ тухай жиргэхдээ "АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч түүний баг бүрэлдэхүүн, Хойд Солонгостой 25 жилийн турш яриа хэлэлцээр хийх гэж оролдсон. Гэвч ямар ч дүр дүн гараагүй” гэсэн юм.
Ким Жон Ун эмэгтэй дүүгээ Ажилчдын намын улс төрийн товчооны орлогч гишүүнээр томиллоо | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.