Шууд Chart

Эрүүгийн хэрэг 29 хувиар өсчээ

2017-10-13 15:00:51

2017 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны дүн мэдээгээр эрүүгийн хэрэг 29 хувиар, шийтгүүлэгчдийн тоо мөн төдий хэмжээнд өсчээ.  Түүнчлэн ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 60-аад хувиар, өсвөр насныхны тоо 45 хувиар өссөн байна.

Үүнийг сүүлийн 2-3 жилийн дүн мэдээтэй харьцуулахад маш өндөр тоо гэдгийг ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга н.Мэндсайхан хэллээ. Улсын хэмжээнд 520 шүүгч, 60-аад мянган хэргийг жилд шийдэхэд гэмт хэргийн статистик дүн мэдээ хоёр оронтой тоо руу орсон тохиолдол бараг байдаггүй байжээ. Улирлын дүн мэдээг гаргахдаа уламжлалт долоон хэргийг онцлон авч үзсэн байна. Үүнд, хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн төрлөөр авч үзжээ. 

ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга н.Мэндсайханы ярианд анхаарлаа хандуулъя.

Дүн мэдээнд шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо өсөх хандлагатай байгаа ч хорих ялаар шийтгүүлсэн хүний тоо 15 хувиар буурч, торгох ялаар шийтгүүлсэн хүний тоо 21 хувиар өссөн тоо гарчээ. ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Мэндсайхан ингэж ярилаа.

Гэхдээ шинэ хууль хэрэгжсэнээр нийгэмд бас эерэг хандлага ажиглагдаж эхэлсэн нь гэмт хэрэгт сэжигтнээр татсан хүмүүсийг цагдан хорьдог  явдал буурч, мөн цагдан хорихоос татгалзсан хүний тоо өссөн дүн мэдээнээс харж болохоор байгааг тэрбээр хэллээ. Тодруулбал, шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдан хоригдсон хүний тоо 15.1 хувиар буурч, мөн цагдан хорихоос татгалзсан хүний тоо 37.2 хувиар өсчээ. Өмнө нь эдгээр тоо мөн л хоёр оронтой тоогоор яригддаггүй байжээ.


Эрүүгийн хэрэг 29 хувиар өсчээ   
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй