Шууд Chart

Ерөнхий сайд асан Наваз Шарифт авлига хээл хахуулийн хэргээр ял тулгаад байна

2017-10-20 15:05:02

Пакистаны авлигын эсрэг шүүхээс пүрэв гарагт Ерөнхий сайд асан Наваз Шариф болон түүний охинд Лондон дахь үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийн асуудлаар ял тулгаж, түүнийг шоронд хорих хэрэг үүсгээд байна.

Энэ хүрээнд Шариф, охин Марьям, Марьяамын нөхөр Мухамед Сафдар нар бүгд хэрэг хүлээж байгаа юм. Пүрэв гарагт болсон шүүх хуралд Шарифын охин болон түүний нөхөр оролцож, хэргийг үгүйсгэж байсан бол Шариф өөрөө Британид эхнэр нь хавдрын өвчний улмаас эмчлүүлж байгаа учир бие төлөөлөгчөө шүүх хуралд байлцуулжээ.

Тэрбээр Лондонгоос эргэж ирээд баривчлагдах магадлал байхгүй. Учир нь шүүхээс түүнд аль хэдийнэ батлан даалт олгоод байгаа гэж зарим хэвлэл бичиж байна.

Өнгөрөгч 2016 онд задарсан Панамын баримтуудад Пакистаны Ерөнхий сайд асан Наваз Шарифын охин болон хоёр хүү нь Британийн Виржиний Арлуудад бүртгэлтэй оффшор компаниудыг эзэмшдэг байснаас гадна тэндээс олсон орлогоороо Лондонд үнэтэй сайхан сууц худалдан авсан болох нь илэрсэн.

Үүнтэй холбоотойгоор Пакистаны дээд шүүхээс Наваз Шарифыг тодорхойгүй орлого олсон гэдэг шалтгаанаар албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх эрхгүй болгож, огцруулсан. Гэвч тэрбээр Пакистаны эрх баригч намыг удирдсан хэвээр байсан юм.

Дээд шүүхээс анхандаа Шарифыг Ерөнхий сайдаас нь буулгах шийдвэр гаргахаас татгалазж байсан ч, эд хөрөнгөд нь шалгалт хийсний дараа  Наваз Шарифыг Ерөнхий сайдаас нь буулгасан.

Мэргэжлийн хүмүүс Пакистаны Ерөнхий сайдын гэр бүлийн хөрөнгө олж байгаа орлогоос нь өндөр байна гээд Шарифын охин болон хоёр хүү нь оффшор компаниудынхаа эзэмшлийг халхлан нуухын тулд хуурам бичиг баримт үйлдсэн гэж буруутгасан юм.


Ерөнхий сайд асан Наваз Шарифт авлига хээл хахуулийн хэргээр ял тулгаад байна  
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй