Мьянмарт болсон мөргөлдөөний улмаас тус улсаас дайжин явсан Рохинжа иргэдэд санхүүгийн тусламж үзүүлнэ гэдгээ дэлхийн улс орнууд мэдэгдлээ..
Швейцарьт болсон олон улсын хурлын төлөөлөгчид үүнд санал нэгджээ. Нийт 35 улс орон, тусламжийн байгууллага нэгдэж, 340 орчим сая долларын тусламж үзүүлэхээр болсон байна.
Ирэх жилийн хоёрдугаар сар хүртэл хоол хүнс, эрүүл мэндийн болон бусад дэмжлэг тусламж үзүүлэхэд нийт 430 сая доллар шаардлагатай гэж НҮБ-аас мэдээлжээ. Энэ байгууллагын зүгээс Рохинжа иргэдийг гэртээ харихад нь аюулгүй байдлыг бүрдүүлж өгөхийг Мьянмарын Засгийн газраас хүсч байна.
НҮБ-ын мэдээлж байгаагаар өнгөрөгч наймдугаар сараас хойш 600 мянган Рохинжа иргэд Бангладеш руу зугтсан байна. Нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ “Урьд өмнө үзэж байгаагүй аймшигтай явдал” гэж Олон улсын цагаачлалын байгууллагын ерөнхий захирал Вилльяам Лэси Женевт болсон хурал дээр мэдэгдэж байжээ.
Энэ тухай Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн ахлах ажилтан Доминик Стилхарт “Бангладеш руу дүрвэсэн 580 гаруй мянган Рохинжа иргэнд нэмэлт дэмжлэг тусламж шаардлагатай байгаагаас гадна олон улсын болоод төрийн бус байгууллагуудыг Мьянмарын Засгийн газар улс оронд нь нэвтэрч тусламж үзүүлэх боломж зөвшөөрөл олгохгүй байгаа” гэж ярьсныг зарим хэвлэл мэдээлж байна.
Рохинжа иргэдэд санхүүгийн тусламж үзүүлнэ | ||
Үзсэн: 1444 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: