
Ирак дахь Ираны нөлөөг багасгах АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тилерсоны хүсэлтийг Ирак эсэргүүцэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг Багдадад айлчлах үеэр Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади, Ираны дэмжлэгтэй тэмцэгчдийг “Иракийн болон бүс нутгийн итгэл найдвар” хэмээн хэлсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тилерсон, Саудын Арабын нийслэл Эр-Риад хотод Ирак, Саудын Арабын тэргүүнтэй уулзах үеэрээ тулалдаан бараг дуусч байгаа учраас Ирак дахь "Исламын улс" бүлгийн эсрэг тулалдаж байгаа Шитийн цэрэг дайчид тус улсыг орхин гарах хэрэгтэй гэж мэдэгдсэн юм.
Харин үүний дараа даваа гарагт тэрбээр Иракийн нийслэл Багдадад айлчлахдаа тус улсын Ерөнхий сайд Хайдер Аль-Абади-тай уулзалт хийсэн байна. Энэ үеэр “Ирак дахь хагас цэрэгжсэн байгууллагын цэргүүд Ираны төлөөлөл биш. Зөвхөн Иракийн ард иргэдээс бүрдсэн хүч” гэж тайлбарлаад “Тэд манай улсын төдийгүй бүс нутгийн итгэл найдвар учраас урамшуулал дэмжлэг хүртэх ёстой” гэж Иракийн Ерөнхий сайд Абади мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тилерсон Ирак улсад айлчлахаас өмнө Афганистанд айлчилж, улс оронд болж байгаа тулалдаанд цэг тавих АНУ-ын шинэ төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани болон түүний орлогч Абдулла нартай уулзсан байна. АНУ хэдэн мянган цэргээ нэмэлтээр Талибаныг дарах зорилгоор илгээгээд байгаа юм.
Мягмар гарагт Тилерсон, Афганы Талибан болон бусад хэт даврагч бүлгүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах АНУ-ын талын хүсэлтийг хэлэлцэхээр Пакистанд айлчилна.
Рекс Тилерсоны хүсэлтийг Ирак эсэргүүцэж байна | ||
Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.