Шууд Chart

“Хорь гаруй жилд 200-аад удаа засагдсан Төрийн албаны хууль дахиад л...”

2017-10-25 16:34:32

УИХ энэ намрын чуулганаараа “Төрийн албаны тухай хууль”-ийг шинэчлэн батална. Энэ цаг үед Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга, удирдахуйн ухааны докторант  Д.Баатарсайханы ярилцлагыг хүргэж байна.

1995 онд Төрийн албаны зөвлөл байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл тус зөвлөлд тасралтгүй ажиллаж байгаа түүнтэй МҮР өнгөрсөн зургадугаар сард  “Асуулт байна” нэвтрүүлэгтээ урьж  ярилцсан юм.

“Хорь гаруй жилд 200-аад удаа засагдсан Төрийн албаны хууль дахиад л...”


 “Ажил хийснийхээ хариуд татан буулгуулахдаа хүрсэн”   


-УИХ, Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Тогтохсүрэн нарын санаачилсан хоёр ч хуулийн төслийг хэлэлцэнэ. Төрийн албаны хуулийг шинэчлэх асуудлыг хэзээнээс эхэлж  ярьж  эхэлсэн билээ?

-Зарим талдаа хошин ч юм шиг, хөгжилтэй ч юм шиг зүйл бий л дээ. “Төрийн албаны хууль” 1995 оны 6-р сарын 1-нээс эхлээд хүчин төгөлдөр болоод өнөөдрийг хүртэл явахдаа, 200 гаруй удаа том  жижиг нэмэлт өөрчлөлт орсон байна. Тэгэхээр энэ юуг хэлээд байна гэхээр хууль эрх зүйн байдлаа тогтвортой байлгаж чадахгүй байна гэсэн үг. Хамгийн сүүлд 2008 онд төрийн алба улс төрөөс хараат байна гэдэгтэй холбоотойгоор төрийн жинхэнэ албан хаагчдыг намын харьяаллаас  түдгэлзүүлсэн нь “Төрийн албаны хууль”-д хамгийн сүүлд орсон том өөрчлөлт  гэж хэлж болно.  Мөн Төрийн албаны зөвлөл өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хүний нөөцтэй холбоотой гарсан, томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох хэрэгтэй гэх мэт хэд хэдэн томоохон  өөрчлөлт орсон.

-2008 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт ороход яг өнөөдөр  бидний хүсээд байгаа  зохицуулалтыг тусгасан байна. Байдал яагаад өөрчлөгдөөгүй юм бол?

-Манай  Монгол улсад нэг том дутагдал байна гэж би хувьдаа үздэг. Энэ байр сууриа би төрийн албаны зөвлөлийг төлөөлж байгаа биш хувь хүн, энэ салбарт  ажилласан мэргэжилтнийхээ хувьд илэрхийлж байна.  Монгол улсад хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа гэж хэлнэ. Хууль байна уу байна. Хуулиа хэрэгжүүлж ажилладаггүй. Холбогдох хуулиуд хоорондоо зөрчилтэй байдаг. Тухайлбал, Төрийн албаны хуулиар ийм ийм зүйлийг төрийн албан хаагч хийж болно, ийм ийм зүйлийг хийж болохгүй гэж зохицуулаад, хориглочхоод байхад өөр нэг салбарын хуулиар хүлээн зөвшөөрч байх  жишээтэй. Төрийн албаны тухай хуульд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр  оролцохыг хориглосон. Өнөөдөр энэ хуулийн зохицуулалт хэвээрээ л байгаа. Гэтэл төрийн албан хаагч улс төрийн үйл ажиллагаанд оролцоод л явж байна. Гэтэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд төрийн албан хаагч нь улс төрийн үйл ажиллагаанд оролцож болох юм шиг заасан. Бүр тодруулбал төрийн албан хаагчид аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ийн төлөөлөгчөөр ажиллаад байна гэсэн гомдол тасрахгүй байна. Гэтэл өнөөдөр мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулиар  энэ асуудлыг таслан зогсоосон. Мөн өөр эрх зүйн зохицуулалт дээр ийм зөрчилтэй зүйлүүд олон ажиглагдаж байна.

-Яг энэ асуудал дээр Төрийн албаны зөвлөл ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэл их гардаг.

-Төрийн албаны зөвлөлийн гол чиг үүрэг нь нэгд төрийн байгууллага, албан тушаалтанд төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбоотой мэргэжил, арга зүйн удирдамжаар хангах ёстой. Хоёрт, төрийн жинхэнэ албанд орж байгаа иргэдийн мэргэжлийн шалгалт, удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, гуравт, төрийн албан хаагчдын эрх, харилцаа зөрчигдсөн тохиолдолд түүний маргааныг хянан шийдвэрлэх зохицуулах зэрэг үүрэгтэй. Бусад чиг үүргүүд ч олон бий.

Тэр байтугай төрийн албаны зөвлөл өнөөгийн мөрдөж байгаа хуулиар төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт хийхэд саналаа өгөх чиг үүрэгтэй. Монгол улс хэдэн яамтай, хэдэн агентлагтай байх юм гээд  бүтэц боловсруулах үед саналаа өгөх чиг үүрэгтэй. Харамсалтай нь УИХ-ын сүүлийн гурван удаагийн сонгуулийн дараагаар Төрийн албаны зөвлөлийн саналыг нэг ч аваагүй. 2004 оноос эхлээд санал авахаа байсан.

1996, 2000 онд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн байгуулагдаж байхад Төрийн албаны зөвлөл саналаа өгч чадсан.  2004 оноос эхлээд л бидний  саналыг авахаа больсон. Төрийн албаны зөвлөл нь хуулиар олгогдсон  эрх хэмжээнийхээ хүрээнд  ажиллаж чадаж байсан цаг хугацаа бий. Тухайлбал бид 2012 оны 8-р сарыг хүртэл  нэлээн сайн ажилласан.  Төрийн жинхэнэ албан тушаал, түр орлон гүйцэтгэгч гэдэг нөхрийг хууль бусаар байхгүй болтол нь, шалгалт өгөөгүй иргэн төрийн албанд ажиллахгүй болтол нь   хяналт шалгалт  явуулдаг,  ажилладаг байсан цаг үе бий.  Харамсалтай нь үүнийхээ хариуд Төрийн албаны зөвлөл ажил хийлгэхгүй байна, татан буулгая гэдэг асуудалтай тулгарсан. Ингээд 2012 оноос эрч хүч нэлээн суларсан.

Хамгийн дээд шатнаасаа авахуулаад төрийн жинхэнэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгч гэгчийг томилоод  эхэлсэн. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хууль тогтоомжийн хүрээнд шалгалт шүүлгээ өгөөд орсон, төрийн албандаа мэргэжилтнээр ажиллаж байгаа  хүн л түр орлон гүйцэтгэгчээр ажиллах ёстой. Гэтэл бизнесийн салбараас, улс төрийн албан тушаалаас, төрийн үйлчилгээний албан тушаалаас хэн нэгнийг авчраад төрийн нарийн бичгийн даргаар, агентлагийн даргаар, ажиллуулаад эхэлсэн. Дээд түвшинд нь ингээд ажиллуулаад  эхлэхээр  дунд  түвшинд  нь мэргэжилтнүүд нь ийм болоод ирсэн. Тэр байтугай сум багт хүртэл үүрэг гүйцэтгэгч гэдэг юм бий болсон.  Монгол лусын хууль тогтоомж дотроос хайгаад ирэхээр “үүрэг гүйцэтгэгч” гэдэг албан тушаал байдаггүй. Тэгэхээр ийм байдлаар хуулийг хэрэгжүүлээгүй гэж би хэлж байгаа юм. Тиймээс ч шинэчлэхээсээ илүү одоо байгаа, бусад хууль тогтоомжтой зөрчилдөөд байгаа зүйл заалтуудыг зөв зохицуулаад  хуулийн зүйл заалтаа бүх түвшинд хэрэгжүүлээд явна шүү гэвэл  боломж нь бий.

“Төрийн албаны хууль”-д төрийн албанаас түр чөлөөлдөг хэдэн заалт байдаг.  Гурван сараас дээш хугацааны сургалтад явсан эсвэл биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад нэг жилээс дээш хугацаагаар эмчлүүлэх, ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд явсан бол, мөн  гэрч хохирогчийн  үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай болсон бол албан тушаалаас нь түр чөлөөлөх заалттай.   Харин бүр чөлөөлөгддөг заалтууд нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол, мөн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол бүр чөлөөлнө. Төрийн албанд алба хаах насны  дээд хязгаар нь 65 нас. Мөн төрийн албанаас халдаг гурван заалт бий. Албан үүргээ хангалтгүй биелүүлээд байх юм  бол халагдана.  Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоод шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол улсын харьяанаас гарсан зэрэгт нөхцөлд  хална. Гэтэл манайд сэжигтнээр, эсвэл гэрчийн мэдүүлэг өгөх гээд дуудагдсан, авилга, ашиг сонирхолтой асуудал үүсээд шалгагдаж эхлэх  үед нь  “өө энэ гэмт хэрэгт орчихлоо. Халъя сольё” гээд явчихдаг.


“Эрх чөлөөнийхөө 50 хувийг  хасуулсан  хүмүүс бол төрийн жинхэнэ албан хаагчид”


-Удирдах албан тушаалтнууд ямар нэг шалтаг, өө эрж байгаад төрийн албан хаагчийг халж сольж байгаа жишээ цөөнгүй бий. Гэтэл бусад орнуудад,  тухайлбал ХБНГУ-д  зөвхөн шүүх хууль зөрчсөнийг нь тогтоосон тохиолдолд тухайн ажилтныг  халах шийдвэр гаргадаг байх юм.  Манайд  яагаад ингэж болохгүй гэж?

-Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гэдэг хоёр юм яваад байгаа юм.  Монгол улсад өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар хүнийг ажилд авч, чөлөөлдөг,  халдаг шийтгэдэг, шагнадаг урамшуулдаг, цалин хөлсийг нь тогтоодог хүний нөөцийн болоод санхүүгийн эрх мэдэлтэй албан тушаалтныг төсвийн шууд захирагч гээд байгаа юм.  Тэгэхээр Монголд өнөөдөр 4600 орчим төрийн төсөвт байгууллага байна. Суманд сумын засаг дарга, тамгын газрын дарга, эмнэлгийн дарга, соёлын төвийн эрхлэгч, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч гэх зэрэг төсвийн шууд захирагч удирдлага байна. Энэ хүмүүст  хууль тогтоомжоороо хүний нөөцийн хөдөлгөөнөө хийх эрх нь бий. Халаа сэлгээ хийхдээ намчирхах, улс төржих,  танил тал, найз нөхдийн хүрээнээс хандах бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж чадахуйц мэдлэг чадвартай мэргэшсэн боловсон хүчнээ л авч  ажиллуулах ёстой.  Байгууллагын дарга нар өөрийнхөө байгууллагыг улс орныг хөгжлийн төлөө авч явах хэмжээний боловсон хүчнүүдээр багаа бүрдүүлсэн байх учиртай. Ингэж бүрдүүлэхийг ч төрийн алба шаардаж байгаа.

Бас нэг зүйлийг тодруулж хэлэхгүй бол болохгүй. Сонгууль болгоны дараа халаад сэлгээд байгаа хүний тоо хэвлэл мэдээллээр  яриад байгаа шиг 22 мянгад хүрчихсэн юм биш. Төрийн албаны зөвлөл үүргийнхээ хүрээнд төрийн албан хаагчдын тоо бүртгэлийг жилд нэг удаа явуулдаг. Энэ гаргасан мэдээнд багтаж байгаа нийт тоог  харчхаад хүмүүс хэлээд байгаа юм. Энэ дотроос халагдсан, чөлөөлөгдсөн хүмүүсийн тоо нь харьцангуй өөр байдаг. Тухайлбал 2015 онд ажлаас халагдсан 228 хүн өргөдлөө өгч гомдлоо гаргасан байна. Тэгвэл 2016 онд 144 болсон. Тэгэхээр өсөөгүй, буурсан үзүүлэлт харагдаж байна.  Мөн албан тушаал бууруулсан шийдвэр гаргадаг юм байна. 2015 онд 28 байсан бол, 2016 онд мөн 28 хүний өргөдөл гомдол ирсэн байгаа юм. Хэвийн хэмжээнд байна. Бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн гэдэг шалтгаанаар  2015 онд 56 хүн гомдол гаргасан бол 2016 онд 187 болж өссөн байна. Бүтцийн өөрчлөлтийн тухайд “Үндсэн хууль” болон бусад хууль тогтоомжид төр засаг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж болно гээд хуульчилсан. Тэгэхээр нэг талаасаа хуулийн хүрээнд яваад байгаа юм. Гэсэн хэдий ч хүмүүсээ тогтвортой ажиллуулах уу, үгүй юу гэдэг нь л бидний шүдний өвчин болж харагдаад байна.

-Төрийн албан хаагчийн бага хүүтэй орон сууц гэж яригдаж байх үед Үндсэн хуулиараа иргэн бүр тэгш эрхтэй байхад төрийн албан хаагч мөн,  бишээр  ялгаварлалаа гэж зарим нь шүүмжилдэг байсан. Одоо ч зарим үйлчилгээнд ийм байдал ажиглагддаг. Яагаад төрийн албан хаагчийг онцлох, хөнгөлөх ёстой вэ?

-Төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг хуулиар тогтооно гээд “Үндсэн хууль”-ийн 46-р зүйлд заачихсан. Үндсэн хуулиараа төрийн жинхэнэ албан хаагчтай байна. Тэр баталгааг нь төр хариуцна. Төр чадварлаг бодлоготой, чадварлаг ажилтантай байхын тулд хүн болгоныг биш нэг хэсэг хүмүүсийг төрд авч байна. Хоёрт, тэр орсон хүний нийгмийн баталгаа, бусад цалин хөлс урамшуулал бүх юмыг төр хариуцсан учраас тэр хүн ямар нэгэн авилгын асуудалд орооцолдохгүй, өөр албан тушаалд санаархахгүй байх ёстой. Би  энэ туршлага мэдлэгээ төрдөө зориулах ёстой гээд тангараг өргөсөн. Тийм учраас иргэн, төрийн албан хаагч хоёрын хооронд ялгаа гарч байна гэдэг бол нэгд хуулиар зохицуулагдаад төрийн албанд орсон бол төр өөрөө л тэр хүний нийгмийн баталгааг нь хангаж байх ёстой.

-Яг ийм жишиг бусад улс орнуудад байдаг юм уу?

-Өнөөдөр манай улсын нийт хүн амын 6 хувь нь л төрийн албан хаагч байгаа.  20 хувь гэсэн  худлаа мэдээлэл явж байдаг л даа. Харин энэ 6 хувийнхаа баталгааг төр өөрөө  хариуцах ёстой. Бусад нь хувийн хэвшил өөр бусад салбараар хөгжөөд л явж байх ёстой. Тэр ч бүү хэл төрийн үйлчилгээний албан хаагчдад цалин хөлс бага байна гэдэг. Хөдөөдөө бол бага байгаа. Би үүнтэй санал нийлдэг. Нэг зүйлийг тодотгоод хэлэхэд, төрийн жинхэнэ албан хаагч, үйлчилгээний албан хаагч бид яагаад ялгаатай юм бэ гэж асууж байсан.  Би дахиад хэлье. Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөнийхөө 50 хувийг  хасуулчихсан  хүмүүс бол төрийн жинхэнэ албан хаагчид байдаг. Ямар нэгэн пүүс компанид орж болохгүй. Гэтэл төрийн үйлчилгээний албан хаагчдын хувьд  бизнес эрхлэх, шинжлэх ухааны бүтээл хийгээд явах эрх нь байна. Ийм учраас төрийн жинхэнэ албан хаагч гэдэг хүнийг төрийн зорилт чиг үүргийг биелүүлэхийн тулд албан тушаалыг нь бий болгоод түүн дээрээ ажлуулаад, хариуд нь нийгмийн баталгааг нь хангана гэсэн зохицуулалттай. Гэхдээ энэ хуулиараа явж чадахгүй л байгаа.

-Өнгөрсөн дөрвөн жилд 400 гаруй төрийн албан хаагч хууль бусаар ажлаасаа халагдсаныг шүүх тогтоож, улсын төсвөөс 4 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан мэдээг би олж уншсан.  Энэ бол тухайн төрийн албан хаагч буруугүй  байж байгаад ажлаасаа халагджээ гэдгийг шүүх тогтоосон баримт юм биш үү?  Гэтэл тухайн хүнийг ажлаас нь хууль бусаар халсан дээд албан тушаалтнууд  нь ямар ч хариуцлага хүлээдэггүй. Бурууг нь татвар төлөгчдийн мөнгөөр цайруулаад  сууж байдаг.

-Төр өөрөө зохицуулалт хийхдээ буруу хийгээд байна уу гэсэн зүйл надад ажиглагддаг. Бүтцийн өөрчлөлт гэдэг нэрээр нэг байгууллагаас ажиллагсдыг 15 хувь  хүртэл цомхтгооч ээ гэсэн үүрэг даалгаврыг Засгийн газраас нэг бус удаа өгч байсан.  Тухайлбал  2014 оны 12-р сард Засгийн газар ийм үүрэг өгч байсан. Төрийн албанаас Баатарсайханыг чөлөөлж, бүтцийн  өөрчлөлтөд  оруулж  явуулчхаад хуулиараа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог.  Гэтэл үнэхээр бүтцийн өөрчлөлт хийж байна уу гэтэл оронд нь Дорж, Дулмааг авчхаад байгаа юм. Тэр хүн ажилд орж байгаа юм чинь цалингаа авна шүү дээ. Ингэж л хагас жилийн хугацаанд бүтэн жилийн төсөв явчхаж байна.

Өнгөрсөн жил  төсвийн зардлыг бууруулах шалтгаанаар зарим төрийн албан хаагчийн цалин хөлсийг нь бууруулах санал гарсан. Үүнтэй  би санал нийлдэггүй.  Төрийн албаны хуулийн 38-р зүйлд улс орны нийгэм, эдийн засгийн хямралтай холбогдуулаад төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг дордуулж болохгүй гэсэн заалттай. Хоёрт энэ хуулийн ерөнхий  концепц нь төрийн жинхэнэ албан хаагч дээр байж байдаг. Төрийн жинхэнэ албан хаагч нь “Үндсэн хууль”-иар олгогдсон хүний эрх, эрх чөлөөний  ихэнх  хэсгийг энэ хуулиар хязгаарлуулчихаад байгааг бид бас анзаарах хэрэгтэй. Аж ахуй эрхэлж болохгүй, улс төрийн үйл ажиллагаанд оролцож болохгүй, хувь хувьсгалын дэлгүүр хоршоо ажиллуулаад явж болохгүй, шашны үйл ажиллагаанд орж болохгүй гээд олон эрхээ хасуулсан. Ийм эрхүүдээ хасуулсныхаа төлөө тэр нөхөр нийгмийн баталгаагаа төрөөс хангуулж ажиллачхаад, дараа нь тэтгэвэрт гарахдаа, гэнэт халагдахдаа  тодорхой хэмжээний мөнгөн тусламж авахаар  зохицуулагдсан.  Гэтэл өнөөдөр манайх ямар зохицуулалт хийгээд байна гэхээр зарим салбарын төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад  36 сарын тэтгэмж, улс төрийн албан тушаалтнуудад улс төрийн сонгуулийн дараагаар халагдахаар нь зургаан сарын мөнгө олгохоор зохицуулсан байх жишээтэй.

Гэтэл улс төрийн албан тушаалтан гэдэг бол эрсдэлээ өөрөө хүлээдэг албан тушаал. Хэн ч түүнийг улс төр рүү татаж оруулаагүй. Би өөрөө л багийн засаг дарга, сайд больё, УИХ-ын  гишүүн болъё гэж улс төрд орсон.  Дараагийн улс төрийн сонгуулиар эрсдэлээ өөрөө хүлээгээд л явах ёстой. Гэтэл эрсдэлээ өөрөө хүлээхгүй, зургаан сарын тэтгэмж аваад л улсын төсөвт хүндрэл учруулаад явж байна. Тиймээс энэ зохицуулалтыг хуульд байсан зохицуулалтаас өөрөөр болгоод явчихсан. Дараагийн нэг зүйл нь 1994 оны “Төрийн албаны тухай хууль”-ийг тэр чигээр нь өөрчилж болохгүй, сайн хууль гэж бас хэлж болохгүй. Үйлчлээд ирэхээрээ энэ харилцааг ингэж зохицуулах юм байна, ийм өөрчлөлт орох юм байна гээд явах бололцоо нь бий. Гэхдээ манайхан богино хугацаанд нэмэлт өөрчлөлтийн зохицуулалт нь бүрэн хэрэгжээгүй байхад л өөрчлөөд байдаг.

Би нэг зүйлийг зориуд хэлье. Төрийн албаны шинэ хуулийн төсөл дээр  ч байгаа, хуучин хуульд ч байж л байсан. Төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилийн хугацаагаар томилъё гэж байна. Өмнө нь гурван жилийн хугацаагаар томилох, ажлыг нь дүгнэж үзэж байгаад хугацааг нь сунгах, эсэхээ шийдэх зохицуулалт хуульд байсан уу байсан. Энэ нь ерөөс хэрэггүй юм гээд л тэр үед хуулиас аваад хаячихсан. Гэтэл одоо буцаагаад л оруулах гэж байна. Төрийн албаны хуулийн дагуу нэг албан тушаал дээр шалгалт өгсөн гурав хүртэлх иргэнийг, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын албан тушаалд тав хүртэлх иргэнийг санал болгодог зохицуулалт мөн л байсан.  Гэтэл энэ чинь ерөөсөө болдоггүй юм байна. Танил талаа оруулаад ирдэг юм байна гээд хүчингүй болгочихсон. Гэтэл одоо хэлэлцэх хуулийн төсөлд олон хүнийг нэр дэвшүүлдэг болгоё гээд санал оруулж байна.  Өөрөөр хэлбэл хуулийн заалтаа дөрвөн жил ч хүрэхгүй хугацаанд хэрэгтэй, хэрэггүй гээд өөрчлөөд  байхаар  хууль нь өөрөө тогтворгүй болоод  байна.

Японы төрийн албаны хууль гээд бараг 30 жил гар хүрээгүй хууль байж л байна. Яагаад. Энэ хуулийн тогтворгүй байдал нь зөрчил, үл ойлгогдох байдлыг бий болгодог юм байна гээд  дэргэд нь байдаг Төрийн албан зөвлөл юм уу, институцдээ өгчихдөг. Тэр нөхөд нь 2-10 жил судалгаа хийж байж сая өөрчилдөг. Харин манайд хууль санаачлагч нэг нь гарч ирээд л энэ зүйл заалтыг өөрчлөе гэхээр нь л өөрчилдөг. Тийм учраас л ийм тогтворгүй байдал бий болоод байна.


“330 сумын даргыг   330 өөр шалгуураар томилдог нь ч нууц биш”


-Би түрүүний асуултаа тодруулмаар байна. Дээд албан тушаалтан буруутай байхад тэр буруутай этгээдээс гарах хохирлыг яагаад  татвар төлөгчдөөс гаргуулаад байдаг  юм бэ?

-Энэ асуудал Төрийн албаны тухай хуулийн төсөл дээр “буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар  өөрөөр нь хохирлыг нь төлүүлнэ” гэж орсон байгаа.   Нэг талаасаа энэ маш зөв. Нөгөө талаасаа “Үндсэн хууль”-тайгаа уялдаж байх ёстой гэдэг зүйл байна. “Үндсэн хууль”-д төрийн буруутай үйл ажиллагаанаас гарсан хохирлыг төр өөрөө хариуцах ёстой. Гэтэл хоёр зүйлийг ялгаж ойлгох ёстой. Төр зорилтот чиг үүрэг, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх гээд хийж байсан алдааны улмаас хохирол гарсан бол төр хариуцна. Харин төрийн хууль тогтоомжийг илт зөрчөөд шийдвэр гаргачихсан байвал хувь хүнээр нь хариуцуулах гэдэг  хоёр зүйлийг ялгах ёстой. Өөрөөр хэлбэл аль нэг яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга эрх бүхий албан тушаалтан “би хууль зөрчөөд шийдвэр гаргая” гэж толгой нь ажилладаггүй л байлгүй дээ бодвол. 

Тэгэхээр  цаана нь ямар нэгэн улс төрийн нөлөө байна. Тийм учраас буруу шийдвэр гаргаж байгаа нөхрийн гарсан зардлыг өөрөөр нь төлүүлэх нь зүйтэй.  Нөгөө талаасаа энэ хуулийн төслүүдэд явж байгаа нэг авууштай тал нь хариуцлагын тогтолцоог чангатгаж байгаа. Хүнийг ажилд томилж чөлөөлөхдөө, хүнээс шалгалт шүүлэг авахдаа хууль зөрчсөн байх юм бол тэр этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэн байдлаар торгуулийн шийтгэл ногдуулъя.  Хоёрт, иймэрхүү зөрчил гаргаад байгаа хүнийг дахиж төрийн албанд орох эрхгүйгээр халдаг байя гэсэн зохицуулалтууд орж байгаа. Хариуцлага өндөржөөд ирэхийн хэрээр төрийн албаны тогтолцоо, тогтвортой байдал гайгүй явах байх гэж харж байна. Төрөөс гарч байгаа мөнгөний тал дээр дөрвөн тэрбум гэсэн тоог би олж хараагүй. Ийм хэмжээний мөнгийг ийм үрэлгэн байдлаар алга болгоод байна гэдгийг нь төр өөрөө харах ёстой.

Нөгөө талд төр  албан хаагчдаа юун түрүүнд халъя, сэлгэе, бүтцийг нь өөрчилье гэхээсээ илүү ажлын байрны чиг үүрэг гэдэг юм уу, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээг хийгээсэй гэж би боддог.   2002 оны Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулинд төрийн байгууллага болгон хэтийн төлөвлөгөөтэй байна гэж заасан. Ажлын байрны тодорхойлолт гээд нэг зүйлийг яриад байгаа. Яагаад би ийшээ хадуураад явчихав гэхээр хэтийн төлөвлөгөө стратеги дээр тулгуурлаж байж  ажлын байрны тодорхойлолт, байгууллагын бүтэц орон тоо гардаг гэж гаднынхан зөвлөөд байдаг. Гэтэл манай төрийн байгууллагуудад хэтийн төлөвлөгөө байхгүй. Энэ шинэ хуулийн төсөл дээр төлөвлөгөөтэй болгох санаа орж ирсэн байсан.  Үүнийг дэмжиж байгаа.

-Удирдлагын академиас төрийн албан хаагчдын ажлын чанар хүртээмжээр томоохон судалгаа явуулахад түүнд хамрагдсан иргэдийн 80 хувь нь төрийн албаны үйлчилгээний чанар тааруу гэж хариулсан байсан.  Гэтэл нөгөө талдаа төрийн албан хаагчид нь бид байдаг чадал, боломжоороо л  үйлчилгээгээ  хүргэж байна гэсэн хариултыг өгч байна.  Өнөөдөр төрийн албан хаагчдын ачаалал сум, дүүргийн иргэдийн тооноос шалтгаалж  харилцан адилгүй байна уу  гэж хардаг?

-Төрийн үйлчилгээг ард иргэдэд  хүртээмжтэй, үр ашигтайгаар хүргэх нь төрийн нэг үүрэг мөн.  Үүний тулд төр чадварлаг албан хаагчдаар албаа бүрдүүлж байх ёстой. Гэтэл чадварлаг нэрийн дор танил талаа авчхаад байгаа юм. Төрийн үйлчилгээ ард иргэдэд хүрэхгүй байна гэдэг бол нэг талаас төрийн үйлчилгээг хүргэх гэж байгаа албан хаагчид  дадлага туршлага, мэдлэг боловсрол дутуу дулимагтай холбоотой. Нөгөө талаасаа иргэд өөрсдөө хууль эрх зүйн мэдлэг боловсролоо дээшлүүлэх ёстой юм. Төрийн албанд орж байгаа хүмүүсээс бид тодорхой хэмжээний төрийн албаны дадлага туршлага хүсээд байдаг.

Гэтэл хүүхдээ сургууль төгсөхөөр нь төрийн албанд оруулах гээд манайхан зүтгээд байдаг.  Дөнгөж төгсөөд ирж байгаа тэр хүнийг бид сургах ёстой. Тийм учраас ТЗ 1 ,2, 3 буюу туслах түшмэл гэсэн албан тушаал дээр ажилласан жил заахгүйгээр шалгалт авдаг. Тэр нь сум, дүүрэг, баг хороонд дээр байдаг. Тэнд очоод ядахдаа хүн амын насжилтын судалгаа гаргачих хэмжээний туршлагатай болчих. Иргэд, оршин суугчдын байршил, мэргэжил, ядуурлынх нь талаар судалгааг гаргачих хэмжээний болчхоод дараа нь дэвших ёстой. Төрийн албаны өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар ийм бодлого барьдаг.  Ганцхан энэ чигээрээ явдаггүй. Хүн болгон л дээд байгууллага руу оруулах гэдэг. Нөгөө талд нь томилох эрх бүхий албан тушаалтан боловсон хүчнээ бүрдүүлэхдээ үүнийг  харгалздаггүй. Өөрөө чадвар муутай, туршлага багатай хүн авчих юм бол  тэр байгууллагаас гарч байгаа шийдвэр, бодлогын баримт бичгүүд төдий чинээ тааруухан л гардаг.

-13 яамны төрийн нарийн бичгийн даргад тус бүрд нь өөр өөр шалгуур тавьсан.  Хүндээ тааруулсан шалгуураар томилсон. Төрийн албаны зөвлөл юу хийж байдаг юм гэсэн шүүмжлэл ч бас бий.  Ямар хариу өгөх бол?  

-Төрийн албаны зөвлөлд өөрт нь бас нэг санал байдаг. Энэ албан тушаалд тавигддаг шаардлагыг батлах, боловсруулах эрхийг нь Төрийн албаны зөвлөлд өгөөч ээ л гэж  бид хүсдэг. Одоо мөрдөж байгаа хуульд ийм зохицуулалт бий. Эрхэлсэн түшмэл, тэргүүн түшмэл, түүнтэй адилтгах албан тушаалтны тусгай шаардлагыг  Төрийн албаны зөвлөл боловсруулж, УИХ-аар батлуулна гэсэн заалт бий. 2008 оны хуульд ийм өөрчлөлт орсон. 2009 оны эхээр Төрийн албаны зөвлөл энэ саналаа боловсруулаад, УИХ-д танилцуулсан. Харамсалтай нь батлаагүй.

Дараа нь төрийн ахлах түшмэл, туслах түшмэл, дэс түшмэл, ахлах түшмэлийн  хэмжээний албан тушаалтнуудын тусгай шаардлагыг Төрийн албаны зөвлөл өөрөө батлаад мөрдүүлнэ гээд мөн  боловсруулсан. Батлах гээд явж байтал дээд төвшний  юмыг УИХ  батлаагүй байхад Төрийн албаны зөвлөл дунд шатанд нь баталж болохгүй гэдэг шалтгаанаар батлаагүй. Одоо энэ хуулийн төслүүд дээр ч тусгай шаардлагуудыг батлая гээд орсон байна лээ.

Өнөөдөр 330 суманд 330 сумын засаг дарга ажиллаж байгаа. 330-уулаа 330 өөр ажлын шаардлагатай байгаа нь ч нууц биш. Өнөөдрийн зохицуулж байгаа хууль дүрэмд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тухайн ажлын байрны шаардлагыг өөрөө батална гээд орчихсон. Тийм учраас өөр өөрөөр хийгээд байгаа юм.

Д.Даваадулам

Нийтэлсэн: Д.Даваадулам

“Хорь гаруй жилд 200-аад удаа засагдсан Төрийн албаны хууль дахиад л...”   
Үзсэн: 4003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [119.40.98.xxx] 2017-11-16 11:50
ЖИНХЭНЭ ПОМИДОРКА БАЙНА.
Andrea Maur [5.59.78.xxx] 2017-11-02 18:57
Өнөөдөр зээлээ аваарай. Би мөнгө олоход хүндрэлтэй хүнд зээл өгдөг. Би бас хөрөнгө оруулалт, гол санхүүжилттэй хамтарч ажилладаг. Надад мөнгө хэрэгтэй, маш энгийн нөхцөлд 3% -ийн жилийн хүүтэй зээл авахад надтай холбоо бариарай. Э-мейл дээр миний нөхцөл байдлыг шууд мэдэгдээрэй: andreamaur3@gmail.com
зөнөг өвөө [103.26.195.xxx] 2017-10-26 08:18
"Төр" гэж юу юм бэ? Үүнээ юу гэж ойлгоод "төр өөрөө хариуцах" гэж ярина вэ? Энэ олон түмэн маань "төр" гэдгээ юу гэж ойлгодог юм бол? "Бид төрөөр тэжээлгэх ёстой" гэж л бүгд боддог бололтой байх юм. Социализмын үед төрийг "дарангуйллын зэвсэг" мэтээр ойлгодог байсан. Одоо харин юу гэж ойлгоод байгааг, ойлгох ёстойг сайн мэдэхгүй л бололтой. Төрд гарсан нь "бусдаас дээгүүр болчихсон" мэт өөрийгөө тоочихоод, бусад нь тэднийхээ аяыг харж, аргадаж амьдрах учиртай мэт ойлгодог байдал л харагдах юм. Уг нь "төр" маань ард бидний л эрх ашгийг хамгаалахын төлөө л ажилладаг "төлөөллийн маань институт" баймаар байх юм. Үүнээ ойлголцохгүй бол "өөр өөрийнхөөрөө ойлгож, цэцэрхэлдээд" ахиц гартал удна даа!!!!!!! Энэ нь боловсролоос л болж байгааг тэндээс л эхлэх ажил даа.

Бидэнтэй нэгдээрэй