
Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тус улсын хэл бичгийн дүрэмд өөрчлөлт оруулж, кирилл үсгийн оронд латин цагаан толгойг ашиглаж эхлэх тухай зарлиг гаргасан байна.
Үүнтэй холбогдуулан кирилл үсгийн цагаан толгойг латин үсгийн цагаан толгойгоор орлуулсан хүснэгтийг гаргажээ. 2025 онд Казахстан улс латин цагаан толгойг хэл бичгийн дүрэмдээ бүрэн нэвтрүүлсэн байхаар тус зарлигт онцолжээ.
Үсгийн цагаан толгойг өөрчилж, 2025 он гэхэд бүрэн нэвтрүүлсэн байх тухай заасан зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Казахстаны Засгийн газар үндэсний комисс байгуулан ажиллахаар болсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр латин цагаан толгойн үсгээр 32 төрлийн үсэг бүхий хүснэгтийг гаргаад буй юм байна. Анх үүнээс өмнө буюу 2007 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ асуудлыг дэвшүүлж хэлэлцэж байсан юм.
Энэ оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Назарбаев шинэ үсгийн хэрэгжилттэй холбоотой төлөвлөгөө хийж эхлүүлэхээр шийдвэр гаргасан. Тус шийдвэрт дурдсанаар, өнөөдөр Казахстан улсын ирээдүй болсон хүүхдүүд сургуульдаа англи хэлийг суралцаж байна. Цаашид кирилл үсгийн оронд латин үсгийг ашиглаж, хэвшүүлэх болно. Ингэхийн тулд 2018 он гэхэд латин үсэг заах багш сурган хүмүүжүүлэгч, сурах бичгийг бэлтгэн сургалтын системд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн юм байна.
Өмнө нь Казахстан улс 1929-1940 оны хугацаанд латин цагаан толгойг ашиглаж байсан туршлагатай. Өнөөдрийн байдлаар хэл бичгийн хэлбэртээ латин цагаан толгой хэрэглэдэг улсын тоонд Балтийн орнууд, Молдав, Турк хэлтэй Азербайжан, Туркменистан, Узбекистан зэрэг улс багтаж байна.
Казахстан улс кирилл үсгийн оронд латин үсэг ашиглана | ||
Үзсэн: 2692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.