Шууд Chart

Каталон мужид Испанийн эв нэгдлийн төлөө жагслаа

2017-10-30 14:49:09

Тусгаар тогтнолоо зарлаж, автономит эрхээ хасуулсан Каталон мужид Испанийн эв нэгдлийн төлөөх жагсаал цуглаан болсон байна. Жагсагчдын зарим нь Испанийн төв Засгийн газрын шийдвэрээр албан үүргээсээ огцроод байгаа Каталоны тэргүүн асан Пучдемоныг баривчилж хорихыг уриалж байжээ. 

Барселон хотод болсон энэ цуглааныг зохицуулахад 300 мянган цагдаагийн албан хаагч оролцсоныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Өнгөрөгч баасан гарагт Каталон мужийн парламентаас мужийнхаа тусгаар тогтнолыг дэмжин зарласнаар Испанийн төв Засгийн газраас энэ мужийн автономит эрхийг хасч, Пучдемон тэргүүтэй мужийн Засгийн газар болон парламентийг тараасан. Мөн ирэх 12 дугаар сарын 21-нд мужийг удирдах шинэ эрх баригчдыг сонгох сонгуулийн товыг зарласан.

Үүний дараагаар Каталоны тусгаар тогтнолыг дэмждэг Испанийн Гадаад хэргийн сайд Альфонсо Дастис “Сонгуулийн үеэр шоронд хоригдчихгүй бол Каталоны дахин сонгуульд оролцоно” гэж мэдэгджээ. Түүнийг Мадридын Засгийн газар эрх мэдлээс нь буулгахаар зэхэж байгаа ч тэрбээр үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Мөн Испанийн Ерөнхий прокурорын газраас Каталоны тусгаар тогтнолыг дэмжиж буй Испанийн Гадаад хэргийн сайдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдсэн юм.

Энэ зуурт Испанийн төв Засгийн газрын Дотоод хэргийн сайдаас Каталоны цагдаа хүчнийхэнд хандан Мадридын тушаал шийдвэрийг даган биелүүлэхийг хүссэн захидал илгээсэн байна.

Каталон мужийн тусгаар тогтнолтой холбоотойгоор Испанид хямрал, эмх замбараагүй байдал нэмэгдэх хандлагатай болсныг хэвлэлүүд мэдээлж байна.  Харин бямба гарагт Испанийн үндэсний "Эль Паи́с" сонинд нийтэлсэн нэгэн санал асуулгын дүнгээр санал хураалтад оролцсон хүмүүсийн 52 хувь нь Каталон мужийн парламентийн үйл ажиллагааг зогсоож, дахин сонгууль явуулахыг дэмжсэн байна. Мөн 55 хувь нь Каталоны тусгаар тогтнолыг эсэргүүцэж, 41 хувь нь дэмжсэнийг "Эль Паи́с" сонин нийтэлжээ.


Каталон мужид Испанийн эв нэгдлийн төлөө жагслаа   
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй