Шууд Chart

Нэг нийгмийн ажилтан 1500-2000 орчим хүүхэдтэй ажиллаж байна

2017-11-05 16:00:00

Нэг нийгмийн ажилтан 1500-2000 орчим хүүхэдтэй ажиллаж байна. Ажлын ачаалал өндөр учраас хүүхэд бүртэй тулж ажиллах, хамгааллын асуудал орхигддог гэж “Асуудал ба шийдэл” сэдэвт сургуулийн нийгмийн ажилтнуудын анхдугаар чуулганд оролцогчид хэллээ.

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд санаачлан энэхүү чуулганыг зохион байгуулсан юм. Нийслэлд төрийн өмчийн 134 сургууль, хувийн хэвшлийн 107 сургууль ерөнхий боловсрол олгож байна. Нийт 241 сургуульд 225 нийгмийн ажилтан ажиллаж байна. Эдгээр сургуулийн нийгмийн ажилтнууд цугларч тулгамдсан асуудлаа хэлэлцэн юм.

Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насныхны зөрчил, гадуурхал, цахим орчны зохисгүй хэрэглээ өссөн энэ үед сургуулийн нийгмийн ажилтнууд хамтарч тусгай хөтөлбөр боловсруулах шаардлагатайг энэ үеэр онцолж байлаа. Мөн нэг нийгмийн ажилтанд оногдох хүүхдийн тоо их байгаагаас тэдэнд үзүүлэх үйлчилгээ, хамгааллын асуудал орхигдож байна. Тиймээс ажлын байрны тодорхойлтод өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэж зөвлөгөөнийг зохион байгуулагч Чингэлтэй дүүргийн 37-р сургуулийн нийгмийн ажилтан н.Бадамдорж ярилаа.

Сургуулийн нийгмийн ажилтан хүүхэд хамгаалах, урьдчилан сэргийлэх ёстой гэдэг ч яг тухайн сарын, долоо хоногийн хэдэн цагийг хүүхэд хамгааллын кейс дээр ажиллах тухай нарийвчилсан зохицуулалт алга байна. Ихэвчлэн сурагч, эцэг, эхийг хамруулсан сургалт, зөвлөгөө, хүмүүжлийн ажил зохион байгуулж байж л ажлаа үнэлүүлдэг гэдгээ хэлж байсан. Бадамдорж нийгмийн ажилтны ярихыг үргэлжлүүлэн сонсъё.

Мөн сургуулийн нийгмийн ажилтан гэх нэр томьёоллоос илүүтэй сургуулийн нийгмийн ажлын менежер эсвэл хүүхэд хөгжил төлөвшлийн менежер зэргээр нэршиж зэргээ ахиулах шаардлагатай байгаагаа ч хэлж байлаа. Чингэлтэй дүүргийн 72-р сургуулийн нийгмийн ажилтан Эмдоромын яриаг хүргэе.

Сургуулийн нийгмийн ажилтнууд тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж, нэгдсэн саналаа холбогдох газруудад хүргүүлэх юм байна.


Нэг нийгмийн ажилтан 1500-2000 орчим хүүхэдтэй ажиллаж байна  
Үзсэн: 4369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй