Шууд Chart

Аль ч орны зэвсэгт хүчин агаарын цэргээ тэргүүн эгнээнд тавьдаг

2017-11-06 15:59:10

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяртай ярилцлаа.

-Батлан хамгаалах бодлогын үндэс болон багц хууль батлагдсантай уялдаж Агаарын цэргийн командлал бие даан үүрэг гүйцэтгэх болсон. Мэдээж үүнтэй холбоотойгоор зарим дүрэм, журам, заавруудад багагүй өөрчлөлт орсон байх. Энэ тухай эхлээд тодотгохгүй юу?

-Тийм ээ. Эдгээр хуультай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаалаар Агаарын цэргийн командлалыг өргөтгөн зохион байгуулсан. Тийм учраас энэ онд бид Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хууль эрх зүй, стратегийн төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах талаар нэлээд түлхүү анхаарч ажиллалаа. Тодруулбал, “Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын дүрэм”, “Цэргийн нисэхийн байлдааны дүрэм”-ийг боловсруулж, ЗХЖШ-ын даргын тушаалаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. 

Мөн 3эвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг боловсруулан үүгээрээ Агаарын цэргийн командлалын дотоод үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, ажилтнуудын үр бүтээлтэй, санаачилгатай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх тухай зохицуулсан. Үүнээс гадна “Улсын нисэхийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барьсан, Улсын нисэхийн үйл ажиллагааг зохицуулахаар улсын нисэхийн есөн багц дүрмийг нэгтгэн долоон дүрэм болгон шинэчлэн найруулж, БХЯ-нд хүргүүлсэн зэргээр одоо мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудтай уялдуулж цөөнгүй дүрэм, журмуудыг боловсруулаад байна. 
Бас Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын шинэ бүтэц орон тоо батлагдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний 065, 303 дугаар ангийн тайван цагийн бүтэц орон тоог боловсруулан батлуулж, Төв командын байрыг байлдааны жижүүрлэлтэд шилжүүлснийг дурдах байна.

-Зэвсэглэл техникийн шинэчлэл, үүрэг гүйцэтгэх чадавхийн тухай асуудал ч тэргүүн эгнээнд тавигдана шүү дээ. Энэ чиглэлээр ямар бодлого барьж байна вэ?

-Тэгэлгүй яахав. Зэвсэглэл техникийн шинэчлэлийг эрчимжүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх тухай асуудал бол Агаарын цэргийн хамгийн чухал ажил. Тийм учраас бид энэ талаар нэлээд анхаарч байгаа ч төсөв мөнгөний боломжоос хамаараад хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Бид жил бүр ядаж л нэг радиолокаторын станц шинэчилэн сайжруулж, байлдааны нисдэг тэрэгнүүдийнхээ хугацааг сунгуулах тухай байнга ярьдаг боловч хэрэгжихгүй хэдэн жил болж байгааг нуугаад яахав.

Гэхдээ бодит хөрсөнд буусан ахиц дэвшилтэй ажлууд цөөнгүй бий, тэдгээрээ үгүйсгэх аргагүй. Тухайлбал, агаарын цэргийн анги, салбаруудын зенит пуужингийн болон радиолокатор, эрчим хүчний техник хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг баяжуулан шинэчилсэн, сургууль-байлдааны Як-130 онгоцыг худалдан авах төслийг боловсруулж, БХЯ-ны ГХАГ-т хүргүүлсэн, радиолокаторын тусгай ротыг шинээр байгуулах, нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах тооцоо, судалгаа, холбогдох баримт бичгийг боловсруулан Батлан хамгаалахын сайдын зөвлөл, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хэрэгжүүлэх тогтоол шийдвэрийг гаргуулсан зэрэг ажлыг дурдаж болно.

-ИНЕГ-тай хэрхэн уялдаатай ажиллаж байна вэ? Хамтарсан сургалт, дадлага зохион байгуулахаас эхлээд зайлшгүй хамтын ажиллагаатай гэж ойлгодог... 

-Зэвсэгт хүчний Агаарын цэрэг болон ИНЕГ-ын хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэх ажлын хүрээнд ИНЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, удирдах бүрэлдэхүүнтэй ажил хэргийн уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэр ИНЕГ, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулан үйл ажиллагааны журмыг баталсан юм. Мөн тус зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж, хамтын ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө гаргасан. Ингэснээр Агаарын цэргийн мэдээ, мэдээлэл өргөжиж, техник технологийн хоцрогдлоос гарах, нисгэгч, инженер, техникийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдах зэрэг дэвшилттэй талууд манайд гарна. 

Энэ ч утгаараа Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр нисэх багийн дарга нарыг уулархаг районд дадлагажуулан, ИНЕГ-ын аэродромуудтай танилцах, говь хээрийн болон уулархаг районд агаараас талбай сонгон буулт, хөөрөлт үйлдэх, хөөрөлт, буултыг тооцоолон нислэг үйлдэх, аяллын нислэгт холбоо барих, цаг агаарын мэдээнд дүгнэлт шийдвэр гаргах, аэродромын дадлага нислэг үйлдэх зэрэгт дадлагажуулах зорилгоор хэд хэдэн удаагийн нислэгийг 7000 км орчим зайд үйлдэж, Зэвсэгт хүчний 065, 325 дугаар ангийн радиолокаторын тусгай ротуудын РЛС-ын байлдааны боломжийг тодорхойлох ажлыг хийсэн. Энэ бол урьд нь хийгдэж байгаагүй бөгөөд Зэвсэгт хүчний түүхэнд үлдэх чухал ажил юм. 

Үүнээс гадна Зэвсэгт хүчний ХЗЦ-ийн харьяа ангиуд, ҮБХИС-ийн хээрийн буудлагын районуудын мэдээллийг ИНЕГ-ын хөдөлгөөний алба, холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, тухайн районд нислэг үйлдэхийг хориглох, нислэгийн аюулгүй байдлыг хангуулахад шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.

-Байнгын бэлэн байдлыг хангах, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд сургалт, дадлага чухал. Тэгэхээр Агаарын цэргийн командлалын харьяа анги, байгууллагуудын сургалт, дадлагыг хэрхэн зохион байгуулав? Сургалтын орчин нөхцөл ер нь хэр бололцоотой байдаг вэ?

-Зэвсэгт хүчний 2016-2017 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг үндэслэн Агаарын цэргийн командлал болон харьяа анги, салбарууд өөрийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны онцлог, даалгаврын жагсаалттай уялдуулан цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, ЗХЖШ-ын дарга болон Агаарын цэргийн командлагчаар батлуулан, сургалтын агуулгын 20-30 хувийг онолоор, 60-70 хувийг дадлагаар, 10-20 хувийг бие даалтаар судлахаар төлөвлөн зохион байгууллаа. Мөн бэлэн байдлыг хангах сургалтыг удирдлагын, анги салбарын, томилгоот бүлгийн гэсэн ангиллаар, тэдний байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх бэлтгэл, жигдрэлтийг хангаж, бэлэн байдлын түвшинг дээшлүүлэхэд чиглүүлэн Агаарын цэргийн командлал болон анги, салбарын удирдлага, штабын түвшинд зохион байгуулсан. 

Түүнчлэн ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн сургалтын материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүнийг түшиглэн Агаарын цэргийн харьяа алслагдсан ротуудыг нөхөн хангах зорилгоор оператор-планшетчин, радиотелеграфчин мэргэжлээр нийт 60 хүнийг сургаж бэлтгэлээ. Мөн харьяа анги, салбаруудад ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон ажиллаж байгаа 24 хүнийг “Цэргийн анхан шатны бэлтгэл сургалт”-д хамрууллаа. 
АНУ-ын Аляска мужийн Үндэсний Гвардитай хамтран “Нисэх хүчний ажиллагааны мэргэжилтнүүдийн туршлага солилцох семинар”-ыг наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулсан. Зэвсэгт хүчний 303, 337 дугаар ангийн нисэгчдийн удаан хугацааны завсардлыг арилгах, сурган дадлагажуулах зорилгоор сургууль-дадлагын 11 цагийн нислэгийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлал дахь Налайх аэродромд удирдан зохион байгуулсан зэргээр нөөц боломждоо тулгуурлан сургалт, дадлагуудыг тасралтгүй зохион байгуулж байна.

-Нууц биш бол одоогоор хичнээн цагийн нислэг үйлдээд байгаа тухай тодруулахгүй юу? 

-ХХЕГ-ын захиалгаар 13 удаагийн хөөрөлт, буулттайгаар 4350 км замд 20 цаг 45 минутын нислэг үйлдэж, 117 зорчигч 6500 кг ачааг тээвэрлэхэд хяналт тавин нислэгийг зохион байгуулсан. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхрийн дадлагын 20 цагийн нислэгт давхардсан тоогоор 1216 шүхэрчин, ОБЕГ-ын захиалгаар таван цагийн нислэгээр 150 шүхэрчинг буулгах сургууль, дадлагын нислэгийг Төв аймгийн Алтанбулаг суман дахь буудлагын полигонд зохион байгуулаад байна. 

“Монгол Улсын Автомашин мотоциклын спортын хороо”, Монгол Улсад суугаа Израйль улсын Өргөмжит консулын захиалгаар түргэн тусламжийн нислэг болон “Ralle Mongolia-2017” олон улсын уралдаанд эмнэлгийн хяналт, яаралтай түргэн тусламжийн чиглэлээр агаарын 8325 км замд 44 цаг 08 минутын нислэг үйлдэж, 1239 зорчигч, 650 кг ачаа тээвэрлэж нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Зэвсэгт хүчний 303, 337 дугаар ангиудын хоёр нисэх экипажийг ОХУ-ын Улаан-Үд хотын онгоц-нисдэг тэрэг засварын газрын сургалтын төвийн битүү кабины дадлага сургалтад хамруулснаар нисгэгч нарын ур чадвар дээшилсэн.

АНУ-тай хамтарсан “Баланс Межик-2017” тусгай хүчний хээрийн сургуулийн нислэгийн тооцоог гарган, 20 цагийн нислэгт үйлчиллээ.

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн багш нисгэгч, хурандаа Н.Очирбат Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн шинээр бэлтгэгдэж байгаа хоёр нисэх багийн даргыг “Налайх” аэродромын районд шалгаж, аэродромын районд нисэх багийн даргаар нислэг үйлдэх эрх олголоо. Тус нислэгийг байлдааны бэлтгэл сургалтын төлөвлөгөөний дагуу шалгаж, 04 цаг 53 минутын бие даасан нислэг үйлдүүлэн, аэродромын бүсэд нисэх багийн даргаар нислэг үйлдэх эрхийг баталгаажуулсан гэх мэт цөөнгүй нислэг үйлдсэн. Ер нь Агаарын цэргийн байлдааны жижүүрлэлт, агаарын хяналтын талаар хийсэн ажлууд их байгаа ч тодорхой нууцын зэрэглэлтэй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байна.

-Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдыг эрэн хайх, татан гаргах ажиллагаанд ямар баг бүрэлдэхүүн оролцов?

-Завхан аймгийн Отгон сумын нутаг “Отгонтэнгэр” хайрханд осолдсон 17 уулчныг эрэн хайх, татан гаргах ажиллагаанд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын хоёр нэгж нисдэг тэрэг, гурван нисэх баг оролцож, 50 гаруй цагийн нислэгийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн. Эрэн хайх, татан гаргах нислэгийг өндөр уулын бүсэд 3200-4000 метрийн өндөрт буулт, хөөрөлт үйлдэн, ослын газарт аврагчдыг буулгах, осолдсон уулчдыг татан гаргах ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсан. Үүнээс гадна Зэвсэгт хүчний 325, 339 дүгээр ангиас тодорхой бүрэлдэхүүн оролцож хээрийн штабыг байгуулан ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн.

-Харьяа анги, салбаруудад ажиллаж байгаа цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд чиглэгдсэн ажлууд өрнүүлэв үү? 

-Шинээр томилогдож байгаа офицер, ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд “Найман шарга” амралт сувиллын газарт ашиглагдаж байсан 10 монгол гэрийг Зэвсэгт хүчний 325 дугаар ангид шилжүүлэн олгосоныг эс тооцвол энэ чиглэлээр дорвитой ажил хийгдээгүй. Уг нь энэ онд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, салбаруудад шинээр барилга байгууламж барих, засварлах ажлууд цөөнгүй байсан боловч эдгээрээс шийдэгдсэн асуудал бараг байхгүй.

-Агаарын цэрэгт тулгамдаж буй асуудлууд бий л байх? 

-Орчин үеийн байлдааны нарийн зэвсэг, техникийг чадамгай эзэмшиж, эх орон ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргийг амжилттай биелүүлэхэд байнга бэлэн байх нь Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, салбарын бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг. Энэхүү үүргээ биелүүлэхийн тулд Агаарын цэргийн алслагдсан салбаруудад үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл болон тэдний нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах, удирдлагын автоматжуулсан системийг нэвтрүүлэх, нисэх, радиотехник, зенитийн пуужин, холбоо мэдээллийн техник хэрэгслийг шинэчлэх, сайжруулах, шинээр худалдан авах зайлшгүй шаардлага байна. Эдгээр нь мэдээж төсөв, мөнгөтэй холбоотой нь үнэн. Гэхдээ нэн тэргүүнд Агаарын цэргийн зэвсэглэл, техникт санхүүжилт хийх хэрэгтэй гэж боддог. Аль ч орны Зэвсэгт хүчин Агаарын цэргээ тэргүүн эгнээнд тавьдаг. Яагаад гэхээр тэд байлдааны бүх ажиллагааны 90 хувийг агаарын цэрэг гүйцэтгэдэг гэж үздэг учраас тэр юм.

-Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?

-Агаарын цэргийн хууль эрх зүйн болон удирдлагын баримт бичгийг шинэчлэх, шинээр хийх ажлуудыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлж байгаа, дуусаагүй байна цаашид үргэлжилнэ. Мөн зарим төрлийн техник хэрэгслийг шинэчлэн сайжруулахаар төлөвлөж байна. Ингэснээр Монгол Улсын агаарын хилийн орон зайг тасралтгүй, бүрэн хянах, журам сахиулах, агаарын болзошгүй халдлагаас хамгаалах халхлах боломж сайжирна.

Ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин

 


Аль ч орны зэвсэгт хүчин агаарын цэргээ тэргүүн эгнээнд тавьдаг  
Үзсэн: 4495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй