Шууд Chart

Доналд Трамп, Шинзо Абэ нар БНАСАУ-д үзүүлэх шахалтаа дээд зэргээр нэмэгдүүлнэ гэж тохиролцов

2017-11-07 13:18:48

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар БНАСАУ-д үзүүлэх дарамт шахалтаа дээд зэргээр нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Хоёр улсын төрийн тэргүүн өчигдөр болсон уулзалтуудынхаа дараа хамтарсан мэдэгдэл хийж, “Хойд Солонгосын хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдалд дүгнэлт хийн, ямар арга хэмжээ авах тал дээр бүрэн дүүрэн нэгдсэн” хэмээн Японы ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна. Тэрбээр Японы тал Доналд Трампын “Бүх хувилбарыг ашиглахад бэлэн” гэсэн байр суурийг дэмжсээр байгаагаа хэлээд, талууд энэ асуудалд 100 хувь санал нэг байна гэдгээ дахин баталсан гэжээ.

Энэ хүрээнд Япон улс өөрөө хориг арга хэмжээ авч, Хойд Солонгосын 35 байгууллагын хөрөнгийг царцаах мэдэгдлээ мягмар гарагт буюу өнөөдөр хийнэ гэдгээ Ерөнхий сайд Шинзо Абэ хэлээд байна. Мөн Япон батлан хамгаалах чадавхиа өргөжүүлж, АНУ-аас "Эф-35" загварын сөнөөгч онгоцууд, мөн баллистик пуужинг замаас нь устгах хамгийн сүүлийн үеийн буюу шинэ загварын техникүүд худалдан авч байгаагаа хэллээ. Энэ үеэр Японы Ерөнхий сайд сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Шаардлагатай бол Хойд Солонгосын пуужинг устгана" гэж мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Япон улсад хийж байгаа айлчлал нь мөн Японы Ерөнхий сайдтай ойр дотно нөхөрлөлийн харилцаатай байгаа нь улс оронд нь олон талын үр ашиг авчирна гэж өнөө өглөө твиттер хуудсандаа бичсэн байна. 

Тэрбээр мөн хамтарсан мэдэгдлийнхээ үеэр “АНУ Хойд Солонгосын олон улсын энх тайван аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлийг тэвчихгүй” гээд, Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн ар гэрийнхэнтэй уулзсан уулзалтынхаа талаар ярьсан байна. Доналд Трамп тэдгээр хулгайлагдсан хүмүүсийг “Мартагдсан хүмүүс” гээд “Тэднийг буцаан авчрахад АНУ Японтой хамтран ажиллана” гэж мэдэгдээд байна.

Мөн Япон улс АНУ-аас их хэмжээний зэр зэвсэг, техник хангамж худалдан авснаар Хойд Солонгосын пуужингуудыг агаарт устгах боломжтой болно гэжээ.  

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Япон улсаас эхлүүлсэн айлчлалын хүрээнд хоёр улсын тэргүүн мөн, Энэтхэг, Номхон далайн тэнгисийг чөлөөтэй, нээлттэй болгох хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр тохиролцсон байна. Мөн эрчим хүчинд холбогдсон барилга байгууламжуудыг байгуулах гэрээ байгуулахад нь Азийн хөгжиж байгаа орнуудын хувийн салбарынханд тусламж дэмжлэг үзүүлэх тал дээр хамтран ажиллахаар болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын айлчлалын хүрээнд хоёр улс АНУ-ын хийн экспортыг өргөжүүлэх анхан шатны гэрээ хэлцлүүдийг хийгээд байгаа юм.


Доналд Трамп, Шинзо Абэ нар БНАСАУ-д үзүүлэх шахалтаа дээд зэргээр нэмэгдүүлнэ гэж тохиролцов   
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй