Шууд Chart

Ливаны Ерөнхий сайд Саад Харири эх орондоо буцаж очно

2017-11-13 13:58:14

Саудын Араб улсад хоригдож байж магадгүй гэж үзэж байсан Ливаны Ерөнхий сайд Саад Харири хэдхэн хоногийн дараа эх орондоо буцаж очно гэдгээ мэдэгдээд байна.

Тэрбээр энэ тухайгаа Саудын Арабаас мэдэгдэхдээ огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэнэ гэсэн байна. Мөн энэ сарын 4-нд Саудын Араб улсад айлчилж байхдаа огцорч байгаагаа зарласнаас хойш тус улсад хорионд байж магадгүй хэмээн Ливаны эрх баригчдаас мэдээлж байсан юм. Харин Саад Харири улс оронд нь тархаад байгаа энэ мэдээллийг няцааж, “Ливанд удахгүй очиж хууль ёсоор огцрох болно” гэсэн байна.

“Би эрх чөлөөтэй байна. Хэрвээ би аялж явахыг хүсэх юм бол маргааш ч явж болно” гэж Ливаны Ерөнхий сайд хэлснийг хэвлэлүүд иш татан мэдээлж байна.

Мөн тэрбээр өөрийгөө ердийн байдлаар огцроогүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч улс орон нь сэрэмжлүүлэг аваасай гэж хүссэн тухайгаа ярьсан байна.

Ливаны Ерөнхий сайд асан Рафик Хариригийн хоёр дахь хүү, Ливаны Ирээдүйн хөдөлгөөн намын тэргүүн тэрбээр Саудын Араб улсад өөрийгөө огцорч байгаа хэмээн мэдэгдэхдээ Ираны дэмжлэгийг авдаг Хезболла бүлгийг буруутган, өөрийнхөө болон гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовниж байгаагаа мэдэгдсэн.

Харин өчигдөр буюу ням гарагт тэр мэдэгдлээс хойш анх удаа телевизээр “Нам улс төрийн хувьд би Хезболла бүлгийн эсрэг биш, улс орныг маань сүйтгэж байгаа энэ бүлэгтэй зөвхөн асуудалтай байгаа” гэснийг нь зарим хэвлэл иш татан мэдээлж байна.

“Иран Арабын улсуудын асуудалд оролцоод байгаа нь бүс нутгийн гол бэрхшээл болж байгаа юм. Би Ливаныг Арабын улсуудтай сөргөлдөх болсны хариуцлагыг хүлээхгүй” гэж Ливаны Ерөнхий сайд Саад Харири мэдэгджээ.

Саудын Араб тэргүүтэй Арабын улсууд, Иемены хойд нутгийн шитийн урсгалыг дагагч Хуты босогчдын ойролцоох хадлага цохилтод Иран болон Ливаны Хезболла бүлгийг холбон буруутгаж байгаа юм.

Харин Ливаны Ерөнхий сайд Саад Харири нь лалын шашны суннитын урсгалыг дэмждэг. Тэрбээр Хезболла бүлгийн дэмжлэгийг авдаг улс төрийн өрсөлдөгч намын гишүүдээс бүрдсэн нэгдмэл Засгийн газрыг тэргүүлж байсан. Хезболла бүлэг нь лалын шашны шитийн урсгалыг дагадагаас гадна Ливаны парламентад төлөөлөлтэй, нөлөө бүхий зэвсэглэсэн бүлэглэл юм.  


Ливаны Ерөнхий сайд Саад Харири эх орондоо буцаж очно   
Үзсэн: 1224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй