Шууд Chart

Пак Ин Хэ-гийн үед тагнуулын байгууллагыг удирдаж байсан хүмүүсийг хорилоо

2017-11-17 12:32:15

БНСУ-ын прокурорын газрын хүсэлтээр тагнуулын агентлагийн өмнөх дарга нарыг авлигын болон бусад хэргээр барьж хорилоо. Үндэсний тагнуулын албаны дарга асан Ли Бён Кее, Нам Же Жүүн нар ерөнхийлөгч асан Пак Ин Хэ-гийн үед тагнуулын байгууллагыг удирдаж байсан юм. 

Тэднийг өмнөх ерөнхийлөгч Пак Ин Хэ-гийн хэргийн мөрдлөгөтөй холбогдуулан барьж хорьжээ. Тагнуулын албаны дарга нарыг ерөнхийлөгч Пак-ын талынханд 3.6 сая орчим долларыг тагнуулын агентлагийн сангаас гаргаж өгсөн гэж сэжиглэж байна.

Мөн Ли Бён Кее нь Япон дахь Солонгосын элчин сайдаар ажиллаж байсан. Тэрбээр Токио дахь холбоо сүлбээгээ ашиглан 2015 онд дайны үеийн “тайтгаруулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлаар хоёр улсын сайд нар тохиролцоонд хүрэхэд нь тусалсан гэж эх сурвалжууд хэлдэг байна.

Харин БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Ин Хэ нь авлига хээл хахуулийн болон төрийн хэргийг задруулсан зэрэг бусад хэргээр ял тулгагдан шүүгдэж байгаа юм. Түүнийг "Самсунг" компаниас их хэмжээний авлига авсан гэж буруутгаж буй. Ерөнхий прокурорын газраас Пак Ин Хэ-г үндэсний тагнуулын албанд хандан өөрийг нь санхүүжүүлэхийг хүссэн гэж сэжиглаж байна.

Прокурорууд мөн, тагнуулын газрын дарга байсан Ли Бён Хо-г баривчлагдсан 2 сэжигтэнтэй ижил шалтгаанаар буруутгаж байгаа ч, шүүхээс түүнийг баричвлан хорих зөвшөөрөл өгөөгүй байна.  


Пак Ин Хэ-гийн үед тагнуулын байгууллагыг удирдаж байсан хүмүүсийг хорилоо   
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй