Шууд Chart

Пап лам Францис Мьянмар улсад айлчилж байна

2017-11-28 12:50:05

Ромын Католик сүмийн тэргүүн, пап лам Францис Мьянмар улсад айлчилж байна. Түүнийг Зүүн өмнөд Ази дахь анхны айлчлалаа Мьянмараас эхлүүлж байгаад ажиглагчид анхаарал хандуулж байна. Учир нь Ромын пап Францис тус улсын зэвсэгт хүчин лалын шашинт Рохинжа иргэдийн эсрэг явуулж буй үйл ажиллагааг шүүмжилж эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байсан.

Түүнийг энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Мьянмарын хавчигдаж дарлагдсан үндэсний цөөнхийн төлөө үзэл бодлоо хүчтэй илэрхийлнэ гэж найдаж байгаагаа Рохинжа иргэд илэрхийлж байгааг зарим хэвлэлд уламжилж байна.

Мөн зарим хэвлэлийн бичиж байгаагаар буддын шашин голлодог Мьянмарын эрх баригчид Ромын папыг улс оронд нь болж байгаа хямрал үймээн самуунд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг анхааралтай ажиглаж байгаа юм.

Ромын католик шашны тэргүүн даваа гарагт Мьянмарт буусан даруйдаа тус улсын зэвсэгт цэргийн дарга Мин Аун Хлейн-тэй уулзсан байна. Энэ үеэр Мьянмарын зэвсэгт хүчний дарга, Рохинжа цөөнхийн нутагладаг Ракхайн муждаа шашин шүтлэгийг ялгаварлан гадуурхсан цэргийн ажиллагаа явуулсан гэх шүүмжлэлийг няцаажээ.

Гэхдээ шашны тэргүүн Мьянмарын цэргийн даргын энэ няцаалтад ямар хариу үйлдэл үзүүлсэн нь одоогоор тодорхойгүй байна. Мьянмарын зэвсэгт хүчин өнгөрсөн наймдугаар сард болсон халдлагын улмаас лалын шашинт Рохинжа иргэдийнхээ суурьшдаг хот тосгоныг түймэрдэн, хүчирхийлэл харгислал үйлдэж байна гэж тэдгээр цөөнх иргэд төдийгүй, хүний эрхийн байгууллагууд, олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа.

Одоогоор 600 мянга орчим Рохинжа иргэн Бангладеш руу дүрвэн гарсан байна. Харин өнгөрөгч долоо хоногт Мьянмарын эрх баригчид Бангладешийн Засгийн газартай гэрээ байгуулж, зугтан гарсан цөөнх иргэдээ буцаан авчрахаар болсон. Гэвч олон улсын агентлагуудын зүгээс Мьянмарын эрх баригчид Рохинжа иргэдээ хүчээр буцааж авчрах вий гэж санаа зовнин анхаарал хандуулж байгааг барууны хэвлэлүүд мэдээлж байна.

Ромын пап Францис Мьянмар дахь айлчлалынхаа үеэр тус улсын төрийн нэгдүгээр зөвлөх, ардчилсан хөдөлгөөний удирдагч гэгддэг Аун Сан Су Чи-тэй уулзалт хийх юм. Харин үүнийхээ дараа Бангладешт айлчилж, Рохинжа иргэдийн төлөөлөлтэй уулзах юм байна.


Пап лам Францис Мьянмар улсад айлчилж байна  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй