Шууд Chart

Хорватын цэргийн генерал асан шүүхийн танхимд амиа хорложээ

2017-11-30 16:27:18

Хуучин Югослав улсын бүрэлдэхүүнд байсан Босни Герцогавени улсын Хорватын цэргийн генерал байсан Слобо́дан Пра́ляк, Олон улсын Гаага дахь шүүхийн танхимд хор ууж амиа хорложээ. Олон улсын шүүхээс түүний 20 жилийн ялыг нь чангатгасан шийдвэрээ уншсаны дараа тэрээр өөрийгөө цэргийн гэмт хэрэгтэн биш, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна гэж шүүгчид рүү хашхираад шилтэй шингэн гаргаж уусан байна. Ингэхдээ Пра́ляк, “хор ууж байна” хэмээн хэлснийг хэвлэлүүд иш татан мэдээлж байна.

Слобо́дан Пра́ляк, 1990-ээд оны эхэн үед Боснид болсон дайны үеэр цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг шалтгаанаар 2013 онд баривчлагдан хоригдож байсан. Түүнтэй хамт Боснийн Хорватын баривчлагдсан цэргийн болоод улс төрийн 5 өндөр албан тушаалтныг баривчилж байсан байна. Тэд өчигдөр давж заалдах шүүх хуралд оролцож байжээ.

Олон улсын шүүх Слобо́дан Пра́лякийг хор уусан даруйд шүүх ажиллагаа түр зогсоон, түргэн тусламж дуудсан бол, Хорватын ерөнхий сайд Андрей Пленкович, түүнийг нас барсан гэдгийг баталж хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна. Боснийн Мусульманчуудыг хавчиж хөнөөсөн, олон улсын байгууллага руу халдаж, хуучны түүх дурсгалт сүм, барилга байгууламжийг сүйтгэсэн хэрэгт Боснийн Хорватын цэргийн дарга байсан Слобо́дан Пра́лякийг холбогдуулж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн 20 жилийн ял оноосон ч, тэрээр энэ бүх хэргийг үгүйсгэн няцааж байжээ.

Түүнийг амиа хорлосны дараа өмгөөлөгч эмэгтэй нь "шүүх шударга хандсан гэдэгт итгэхгүй байна" хэмээн хэлснийг зарим хэвлэл иш татан мэдээлж байна.






Хорватын цэргийн генерал асан шүүхийн танхимд амиа хорложээ  
Үзсэн: 1703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй