
НҮБ-ын төлөөлөл Умард Солонгост айлчилж, өргөн хүрээний яриа хэлэлцээ хийх гэж байна. Өнөөдрөөс эхлэн дөрөв хоног үргэлжлэх айлчлалын хүрээнд “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жефри Фелтман, Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон албаны бусад хүмүүстэй олон улсын нийтлэг ашиг сонирхол, анхаарал татсан асуудлуудаар хэлэлцэнэ” гэж НҮБ мэдээлсэн байна.
Ингэхдээ НҮБ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар Умард Солонгосын албаны хүмүүстэй санал солилцож, цөмийн олон пуужингийн туршилтаа зогсоохыг хүсэхээр зэхэж байна.
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч “Пхеньяны эрх баригчид улс төрийн бодлогын асуудлаар яриа хэлэлцээ хийх зорилгоор НҮБ-ыг улс орондоо айлчлах урилгыг өмнө нь олон удаа өгч байсан. Энэ урилгын хариуд энэ удаагийн айлчлалыг хийж байна” гэж тайлбарлажээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жефри Фелтманы Умард Солонгост хийж байгаа айлчлал тус улс шинэ төрлийн баллистик пуужин хөөргөсөн үйл явдлын дараа болж байгааг барууны болоод Азийн улсуудын хэвлэлүүд тэмдэглэн бичиж байна.
Учир нь ажигчлагчид Фелтманы айлчлал Пхеньяныг хэлэлцээрийн ширээний ард суухад нь хувь нэмэр оруулж магадгүй гэж харж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд зуучлагчаар оролцоход бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Фелтман энэ айлчлалаасаа өмнө Бээжин хотод БНХАУ-ын албаны хүмүүстэй уулзаж, Умард Солонгосын асуудлаар санал солилцсон байна. Үүнээс өмнө 2010, 2011 онд НҮБ-ын төлөөллүүд Умард Солонгост айлчилж байжээ.
Харин 2015 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тухайн үеийн Умард Солонгосын хилийн ойролцоох үйлдвэрлэлийн төвд айлчлахаар төлөвлөж байсан ч Умард Солонгосын талаас түүнийг улс оронд нь айлчлах зөвшөөрлийг гэнэт цуцласан билээ.
НҮБ-ын төлөөлөл Умард Солонгост айлчилж, өргөн хүрээний яриа хэлэлцээ хийх гэж байна | ||
Үзсэн: 1069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.