
Йеменд болж байгаа байлдааны мөргөлдөөний улмаас тус улсын анхны Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех нас барлаа. Энэ нь Йеменд зөрчил мөргөлдөөнийг улам даамжруулж мэдэхээр байна гэж ажиглагчид үзэж байна.
Даваа гарагт Йемений анхны Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех тус улсын нийслэл Санаа хотод болсон халдлага мөргөлдөөний үеэр Хуйти босогчдын цохилтод өртөж нас барсан. Үүнтэй холбоотойгоор Хуйти босогчдын тэргүүн Йемений иргэдэд хандан “Урвалт, хуйвалдаан, нууц явуулга бүтэлгүйтэж нуран унасан чухал үйл явдал боллоо” гэж телевизээр баяр хүргэсэн байна.
Харин Йемений анхны Ерөнхийлөгч нас барсны дараа Йемений Ерөнхийлөгч Абдраббу Мансур Хади ард иргэддээ хандан, нэгдэн нийлж, босогчдын эсрэг босохыг уриалжээ.
Йемений анхны Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех өнөөг хүртэл Хуйти босогчидтой нэгддэг одоогийн Ерөнхийлөгч Абдраббу Мансур Хади болон Засгийн газрынхаа эсрэг байлдаж байсан. Гэвч Салех, Саудын Араб тэргүүтэй цэргийн эвслийг Йеменд хийж байгаа халдлагаа зогсоовол байр сууриа өөрчилж, өөрөөр хандана гэдгээ өнгөрөгч бямба гарагт мэдэгдсэн. Энэ мэдэгдлийнх нь улмаас Хуйти бүлгийнхэн түүнийг холбоотноосоо урвалаа гэж буруутгасан юм.
Йемений анхны Ерөнхийлөгч нас барсан явдал нь тус улсад болж байгаа иргэний дайн, хямрал мөргөлдөөнийг хурцатгаж, энгийн номхон иргэдийг улам аюулд оруулж мэдэхээр болж байгааг хэвлэлүүд тайлбарлаж байна.
Олон улсын улаан загалмайн нийгэмлэг “Өнгөрсөн зургаа хоногийн хугацаанд Йемений нийслэл Санаа хотод болж байгаа мөргөлдөөн, байлдааны улмаас 120 гаруй хүн нас барсан” гэж мэдээлж байна.
Йемений анхны Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех мөргөлдөөний улмаас нас барлаа | ||
Үзсэн: 1223 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.