Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо

2017-12-13 19:14:23

Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд:

 

  • Соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг баталлаа.
  • Тусгай зориулалтаар 2018 онд угалз 60, тэх 75, халиун буга 32, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 500 хүртэл толгойг агнуулах, тул загас 450 хүртэл толгойг барьж буцаан тавихаар, бусад загас 10 мянга хүртэл толгойг агнуулахыг зөвшөөрөв.
  • Уйгаржин монгол бичгийн компьютерийн кодчлолыг шинэчлэн олон улсын стандартад нийцүүлэх талаар Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлөөр хэлэлцэн, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгав.
  • Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд ОХУ-ын Сочи хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн XVI хуралдаанд оролцсон дүнгийн талаар танилцуулж, хуралдааны мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгав.
  • “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулах “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ын төслийг дэмжин, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын Захирамж гаргахаар тогтов.

 


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо  
Үзсэн: 2110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй