Шууд Chart

2018 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2018-01-02 09:26:08

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг та бүхэнд хүргэж байна.


Бaруун зүгийн нутаг

Энэ сарын агаарын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 26-31 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17хэм, бусад нутгаар 19-24 хэм хүйтэн буюу Увсын зүүн хойд, Завханы хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна /3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Увс, Завханы хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 33-38 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, шөнөдөө 8-13 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

Энэ сард орох цасны хэмжээ нь Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын баруун өмнөд болон зүүн хойд, Завханы зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгийн ихэнх, Увсын баруун өмнөд, Ховдын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.



Нэгдүгээр арав хоногийн эх, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар,  нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.   

Төвийн нутаг

Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 26-31 хэм, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн ихэнх нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн буюу Сэлэнгийн нутаг, Төв аймгийн ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.



Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч  Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө Дархадын хотгороор 22-27  хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 17-22 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 3-8 хэм хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч шөнөдөө Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 41-46 хэм, өдөртөө Дархадын хотгороор 31-36 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Энэ сард орох цасны хэмжээ нь Архангайн ихэнх, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун өмнөд, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хөвсгөлийн хойд, Булганы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.



Нэг болон гуравдугаар арав хоногийн эх, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг

Энэ сарын агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн буюу Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.



Нэгдүгээр арав хоногийн эхээр суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Энэ сард Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.



Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх ба нэг болон гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед түр зуур 16м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг

Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 хэм хүйтэн байх ба нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.        

    

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Харин  хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 27-33 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Энэ сард Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг болон гуравдугаар арав хоногийн эх, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.


2018 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 2457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй