Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2018-01-10 19:17:41

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.01.10/ болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

-  “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөр нь мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан, нөхцөлийг хязгаарлах, эрүүлжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах, малын өвчнөөр тайван, эрүүл байдлаа дотоод, гадаадад баталгаажуулан хадгалах, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой юм. 

-  “Эрчим хүчний үр ашиг хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн хоёрдахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэх болов. Цагаачлах иргэдийн тоог жилд 100-аас дээшгүй байлгахаар тогтоолын төсөлд тусгасан байна.

-  Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо. 2016 онд давхардсан тоогоор манай улсын 174 мянга, 2017 онд 170 гаруй мянган иргэн Манжуур хотод зорчсон байна.

-  Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Аймаг, орон нутгаас ирүүлсэн материалаас үзвэл энэ жил 128 малчин “Улсын аварга малчин”, 11 малчин “Улсын хошой аварга малчин”, 13 малчин “Улсын аварга саальчин”, таван фермер “Улсын аварга фермер”, 10 аж ахуйн нэгж “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 27 иргэн “Улсын аварга тариаланч”-ийн болзол хангасан байна. Засгийн газар аваргуудыг удахгүй тодруулж Цагаан сарын баярын үеэр шагналыг нь гардуулах юм.

 


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 1429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй