
Уул уурхайн салбар хөгжиж байна хэмээн дээр дооргүй ярьж, Уул уурхайн яам гэж бүхэл бүтэн засагтай ч болсон. Газар доорх эрдэнэс баялгаа огт хэрэгсдэггүй улс орон гэж байхгүй л дээ. Хамгийн гол нь зөв зохистойгоор ашиглаж, улс орны эдийн засаг хийгээд, байгаль орчиндоо ээлтэйгээр ашиглах явдал л үгүйлэгдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл уул уурхайн хөгжил дэвшил гэгч зүйл огт байхгүй, хэрэв хөгжлөө гэхэд, баялагаа ашиглаж дууссаны дараа л дэвшиж магад. Муу ёр биш л дээ. Өнөөгийн дүр төрх ийм л байгаа хойно. Ихэнх уул уурхайн компани аж ахуйн нэгжүүд нь харь гадаадын эзэдтэй болж, сэглэж сэмлэж орхисон газар нь нинжа гэх хувиараа алт олборлогчдоор дүүрэн. Ийм л байгаа юм. Нинжа гэгдэх хүмүүсийг эхлээд хувиараа алт олборлогчид гэдэг байсан бол өнөөдөр юу хамаагүй ухдаг болжээ. Тодруулбал жонш, төмрийн хүдэр, цайр, хүдэр уран гээд л химийн үнэт болоод ховор элементүүд хүртэл олборлодог болж байна. Үнэтэй ховор элемент гэж хамаа намаагүй ухаж төнхсний улмаас хүн малгүй хордсон тухай эмгэнэлт баримт бид урьд нь цөөнгүй л дурьдаж байсан. Өнөөдрийн байдлаар манай улсад хичнээн хүн хувиараа ашигт малтмал олборлож байгааг яг таг тогтоож чадаагүй. Хувиараа ашигт малтмал олборлох нь байнгын ажлын байр биш учраас тоог нарийн гаргах боломж хомс. Албан бус мэдээгээр 60 мянга гаруй хүн ийм төрлийн ажил хийж, ар гэрийнхэн нь гэх мэт 200 гаруй мянган хүн тэдний орлогоос шууд хамааралтайгаар аж төрж байна гэсэн ерөнхий тойм судалгаа бий. Гэтэл бичил уурхай эрхлэгчдийг дэмжинэ гээд хууль баталчихлаа. Ингээд бодохоор тэдний үйл хэрэг улам ширүүсч байгаль орчны хямрал бүүр л нэмэгдэх хандлагатай боллоо гэсэн үг юм. Гэтэл үүний эсрэг хийгээд байгаль ээжийнхээ төлөө зүтгэдэг уужуу сэтгэлтэй Монгол хүн нэн ховордсон мэт. Үнэндээ нэр муутай хэдэн төрийн бус байгууллага, хэдэн бор малчдаас өөр хүмүүс цөөн юм. Ер нь нинжа гэх ойлголт манайд байх ёстой юм уу үгүй юу.
“Нинжа нарын нүүдэл хаана явна...” №2 | ||
Үзсэн: 2429 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.