Шууд Chart

Нийслэлийн иргэдээ даатган мандал өргөлөө

2018-02-15 13:09:04

Шинэ үндсэн хууль батлагдан гарснаас хойш жил бүрийн сар шинийн баяраар нийслэлийн иргэдийнхээ ирэх жилийн заяа буян, хийморь лундааг даатган ном айлдуулж, мандал өргүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлал, ёсын дагуу  тахиа жилийн өвлийн адаг сарын битүүний өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд Гандантэгчэнлин хийдэд Гүсэн түгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй тийн унжлагат хэмээх шороон нохой жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа. Мөн нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Ш.Анхмаа, Д.Энхтөр нар Дамбадаржаа, Мамба дацан, Дашчойлан, Түвдэнпэлжээлин хийдүүдэд нэгэн зэрэг мандал өргөв.

Гүсэн түгийн мандал гэдэг нь  бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм.

Мандал өргөх ёс нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой аж.


Нийслэлийн иргэдээ даатган мандал өргөлөө  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй