Шууд Chart

Холер буюу Vibro Choleria

2018-02-24 10:35:36

Холер буюу Vibro Choleria

Холер буюу урвах тахал нь вибрионоор үүсгэгдэж бөөлжилт, суулгалтаар эрдэс давс, усаа алдаж, ус эрдсийн солилцооны алдагдалд богино хугацаанд орох цочмог халдварт өвчин юм.

Судалсан түүх:

Урвах тахал өвчний талаар эрт дээр үеэс судалж ирсэн ба Оросын эрдэмтэн Э.Незвецкий 1872-1874 онд, Флоренцийн эрдэмтэн Паченни 1853-1858 онд, Египетэд эрдэмтэн Кох 1883-1885 онд тус тус түүний үүсгэгч болох вибрионуудыг нээсэн байна. 1906 онд эрдэмтэн Ф.Готшлихт Синай арал дээр Эль-Тор хорионы станцад шинэ төрлийн вибрионыг илрүүлж түүнийгээ тэр станцын нэрээр нэрлэжээ. Өнөөг хүртэл дэлхий дээр урвах тахлын 7 цар тахал гарч, сүүлчийнх нь 1961 оноос эхлэн өнөөг хүртэл 2 сая гаруй хүнийг өвчлүүлээд байна.

Урвах тахал өвчин Монгол улсад анх удаа шинээр 1996 онд бүртгэгджээ.

Тархвар судлал:

Өвчний эх уурхай нь зөвхөн хүн. Урвах тахлын нянг өвчтөн, балархай хэлбэрийн болон нууц хугацаандаа байгаа өвчтөн ба эрүүл нян тээгч хүмүүс гадаад орчинд тараана. Халдварлах механизм нь өтгөний мөр, халдвартай ус, хоол хүнс ба ахуйн хавьтлын замаар дамжигдана. Бүх насны хүмүүс өвдөх боловч ходоодны шүүс багатай, хоол боловсруулах замын архаг өвчтөй, архичин, цус багадалттай зэрэг эмгэгүүдтэй хүмүүс илүү өртөмтгий байна. Өвдсөний дараа хорын эсрэг бат бэх дархлаа тогтоно.

Эмнэл зүй:

Урвах тахал өвчний нууц хугацаа хэдэн цагаас дундажаар 2-3 хоног үргэлжлэнэ. Өвчин цочмог эхлэх ба гол төлөв шөнийн цагаар бага зэрэг халуурах, гэдсээр эвгүй оргин өвдөж суулгана. Суулгалт нь өвдөлтгүй, эхэн үедээ өтгөвтөр, цаашдаа шингэрч ялз чанасан цагаан будаа маягийн байснаа усархаг шинжтэй болно. Суулгалт болон бөөлжилтөөс шингэн алдалт амархан үүсдэг тул эмнэлзүйг шингэн алдалтын зэргээр тодорхойлдог.

Эмчилгээ:

Өвчтөнг заавал эмнэлэгт хэвтүүлэн тусгаарлаж, эмгэг жам ба үүсгэгчийн эсрэг эмчилгээг цаг алдалгүй хийнэ. Эмгэг жамын эмчилгээ ус, эрдэсийг сэргээн нөхөж, тогтворжуулахад чиглэгдэнэ. Шингэн алдалтын 1-р зэргийн үед регидрон, цитроглюкосалан, оралитын шингэн, хоросол, ДЭМБ-аас зөвлөсөн тэнцвэржүүлсэн уусмалууд зэргийг уулгана. Шингэн алдалтын 2-4 дүгээр зэргийн үед судсаар квартасоль, хлосоль, трисоль, ацесоль, дисоль, лактасоль зэрэг олон ионт уусмалуудыг хийх ба харин коллоид уусмалуудыг хэрэглэхгүй. Үүсгэгчийн эсрэг эмчилгээнд антибиотикуудыг 5 хоног уухаар өгнө. Өвчтөний биеийн байдлыг харгалзан шинж тэмдгийн, биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ явуулна. Хоол хорих шаардлагагүй.

Сэргийлэлт:

Өвөрмөц урьдчилан сэргийлэлтийг тархвар судлалын заалтаар явуулах ба үүнд урвах тахлын хоргүйсүүрийг 0.8 мл тарьж, вакцины дараах дархлаа 4-6 сарын хугацаатай үүсэх тул шаардлагатай бол дахин дархлаажуулна. Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлтийг улс даяар явуулж усан хангамж, сувгийн усыг аюулгүй, халдваргүй болгох, худалдаа болон олон нийтийн газруудад ариун цэврийн дэглэм, дүрмийг чанд баримтлуулж, тэдгээрт тогтмол хяналт шинжилгээ явуулж байх, хувийн ариун цэврийг сахиж гараа савантай усаар тогтмол угаах зэрэг арга хэмжээнүүдийг авна.     


Холер буюу Vibro Choleria  
Үзсэн: 5423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй