Шууд Chart

Японд цагаан будааны үнэ 16 дахь долоо хоногтоо өсөж байна

2025-04-30 16:03:29

Японы дэлгүүр худалдааны төвүүдэд цагаан будааны үнийн өсөлт үргэлжилсэн хэвээрээ, өнгөрсөн 3 сарын сүүлээс үндэсний нөөцийн будаанаас худалдаанд гаргасан хэдий боловч жижиглэн худалдааны үнэ сүүлийн 16 долоо хоногийн туршид өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.

ХААЯ-ных нь мэдээлж байгаагаар, 5кг-ийн савлагаатай будааны дундаж үнэ 4-р сарын 20-ныг дуусталх хугацаанд 4220 иен буюу 29 орчим ам.долларын үнэтэй худалдаалагдаж байсан. Энэ нь улсын хэмжээн дэх 1000 орчим дэлгүүр худалдааны төвд явуулсан судалгаанд тулгуурласан үзүүлэлт гэдгийг мэдээлжээ. Тэгвэл энэ үнэ одоо өмнөх 7 хоногийнхоос 3 иен буюу 2 цент орчмоор өссөн үзүүлэлттэй. Улмаар жилийн өмнөхтэй харьцуулахад бүхэл бүтэн 2000 гаруй иенээр нэмэгдсэн дүнтэй байгаа юм байна.

Өнгөрсөн сараас Японы засгийн газрын шийдвэрээр нөөцийн будаанаас зарж борлуулах 3 дахь удаагийн дуудлага худалдааг явуулсан. Зун хүртэл сар болгон ийм худалдаа явуулахаар төлөвлөж байгаа мэдээлэлтэй байна. Угтаа хэрэглээгээ үндсэндээ дотоодоосоо хангаж ирсэн Японы  цагаан будааны зах зээлд Өмнөд Солонгос болон АНУ-аас хямд үнэтэй импортоор авч худалдаалах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Мөн гадаад орнууд руу зорчиж байгаа япончууд гаднаас хэрэгцээний будаагаа тээж авч ирэх нь нэмэгдсэн өвөрмөц үзэгдлийн талаар тус улсын эрх баригчид өнгөрөгч 7 хоногт мөн мэдээлж байсан. Гэсэн хэдий ч бөөний худалдаа эрхлэгчид зах зээлд энэ бүтээгдэхүүний хомсдол буурахгүй байгааг хэлж байгаа юм байна.

Японы баруун урд талын Кюшю арлын худалдаачид тухайлбал, ирэх намрын сүүлээр шинэ ургацын будаа гарах хүртэл будааны үнэ өссөн хэвээр байна гэж үзэж байгаагаа NHK-д ярьжээ. Токиогийн их сургуулийн профессор Андо Мицуёши энэ жилийн ургац арвин байх нөхцөлд л үнэ буурах боломжтой, гэвч одоогоор ийм төлөв байхгүй байгааг мөн ярьсан байна. Японд стратегийн хүнсэнд тооцогддог цагаан будааны үнийн өсөлт сүүлийн нэг жил гарны дотор 50 жилд байгаагүй дүнгээр өсөж, инфляц ихсэхэд гол түлхэц үзүүлжээ. Одоогийн байдлаар жилийн өмнөх үеэс гэхэд 92 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд цагаан будааны үнэ 16 дахь долоо хоногтоо өсөж байна  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй