
Дөрөвдүгээр сарын 28-нд Испани даяар, Португали, Францын зарим бүс нутгийг хамарч өргөн хүрээнд цахилгаан тасарсан. Цахилгаан хангамжийг одоо ч бүрэн сэргээж чадаагүй байна. Өчигдөр үдийн хойноос эхэлсэн энэ саатлын улмаас метро, замын гэрэл дохио ажиллахгүй, утас, интернэт муухан ажиллаж байгааг Мадрид дахь Тассын сурвалжлагч мэдээлж байсан юм. Испанийн Red Eléctrica цахилгаан хангамжийн компани улсынх нь ихэнх нутаг, хөрш Португалийг хамарсан цахилгааны саатлын шалтгааныг тогтоогоогүй, Португалийн кибер аюулгүй байдлын төв ямартай ч кибер халдлагаас болсон гэж үзэх шинж тэмдэггүй байгааг мэдэгдсэн. Цахилгаан хангамжийг бүрэн сэргээхэд 6-10 цаг, зарим мэдээгээр, долоо хүртэл хоногийн хугацаа орж болзошгүй байна гэжээ.
Red Eléctrica эрчим хүч хангамжийн компанийн тэргүүн Эдуардо Прието энэ үйл явдлыг урьд өмнө тохиолдож байгаагүй, жирийн бусын, онцгой тохиолдол гэж нэрлэсэн байна. Испани, Португали улсын нийслэл Мадрид, Лисбоныг хамарсан, албан газрууд ажлаа зогсоож, зарим гар утасны сүлжээ дуудлага хийх боломжгүй гэсэн атлаа зарим аппликэйшн ажиллаж байгаа талаар мэдээлж байсан. Нийтдээ 50 саяар тоологдох хүн амтай энэ хоёр улсад яг хэчнээн тооны хүн тог цахилгааны сааталд өртсөн нь бүрэн тодорхой болоогүй. Иберийн хойгт урьд өмнө ингэж өргөн хүрээтэй тог цахилгааны саатал гарч байсан удаа бараг байхгүй гэдгийг хэвлэлүүд дурдсан байна.
Сүүлд Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Франц, Марокко улстай холбоо харилцаа өрнүүлсний дүнд Иберийн хойгийн хойд болон өмнөд талын хэд хэдэн бүсэд цахилгаан хангамжийг сэргээжээ. Усан боомтын хөдөлгөөн ямар нэг сааталгүй үргэлжилж, агаарын тээвэр аюулгүй тогтвортой ажиллагааг хангах үүднээс үйл ажиллагаагаа 20 хувь бууруулжээ. Ерөнхийдөө хэвийн ажиллаж байгаа аж. Харин метро, галт тэрэгний үйл ажиллагааг зорчигчдын аюулгүй байдлын үүднээс зогсоосон хэвээр байгаа гэж мэдээлсэн байна.
Эрх баригчид шалтгааныг одоо хэр тогтоож чадаагүй байгаа бол, Португалийн албаны хүн харин Испанийн цахилгаан түгээх сүлжээнд асуудал гарсан байх магадлалтай гэж мэдэгдсэнийг Луса үндэсний мэдээллийн агентлаг нь уламжилсан байна. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес өмнө нь ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж, Португалийн засгийн газар ч мөн шуурхай хуралджээ. Португалийн цахилгаан түгээх Е-Редес компани Европын цахилгааны системд асуудал гарсан байх гэдэг байр суурийг илэрхийлж мөн сүлжээний тогтвортой байдлыг хангах үүднээс зарим нэг газар тог таслах арга хэмжээ авч байгаа талаараа мэдээлжээ.
Испанийн олон нийтийн RTVE ТВ-ийн мэдээгээр, даваа гарагийн үд дундаас хойхно хэд хэдэн муж бүс нутгийг хамарч цахилгаан тасарсан учраас Мадрид дахь мэдээний агентлагууд, Засгийн газар, метроны станцууд тоггүй болж бүхэлдээ тэг зогсоход хүрсэн байна.
Өмнөд болон баруун Европт өргөн хүрээтэй цахилгааны саатал тохиолдов | ||
Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.