
Ирэх 5-р сарын 1-нээс Хятадад 5 хоног Хөдөлмөрчдийн баярын амралтын хугацаанд аялал жуулчлал онцгой идэвхжих төлөв гарч байгааг Хятадын албаныхан мэдээлсэн байна. Урьдчилсан мэдээгээр, иргэний нисэхийн зорчигч тээвэр гэхэд, энэ хугацаанд бараг 11 сая хүнд үйлчлэхээр байгаа нь хоногтоо 2 сая 150 мянган хүн болж, ковид цар тахлаас хойших 3 жилийн оргил үзүүлэлт болох төлөвтэй байгааг аялал жуулчлалын салбарынхан мэдээлж байна. Цагаан сарын баярын урт амралттай харьцуулахад цаг агаар дулаарч аялахад таатай үе ирсэн нь давхар нөлөөлж байгаа юм байна.
Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг Тюнью компанийн мэдээгээр гэхэд, Хятадын олон хоног дараалсан амралт тохиодог гурван гол баярын нэг 5 сарын буюу Хөдөлмөрчдийн баярын урт амралтын үеэр аяллын захиалгын тоо 4 сарын дунд үед хэдийн өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн. Энэ салбарын мэдээлэл хангамжийн Юметрип товчоо бас 4 сарын 17-ны байдлаар дотоодын нислэгийн тийзний захиалга өмнөх оныхоос 36 хувиар нэмэгдэж, 3,36 саяд хүрч, олон улсын нислэг нь 25 орчим хувиар нэмэгдсэн дүнтэй байгааг мэдээлж байжээ.
Үүний зэрэгцээ гадаадын аяллын захиалгад Япон, АНЭУ зэрэг ойрт тооцогддог, эрэлт өндөртэй чиглэлийн аяллууд зонхилж, дотооддоо харин Бээжин, Шанхай зэрэг том хотууд эрэлт өндөртэй хэвээр боловч орон нутгийн аяллууд мөн чамгүй ихсэх төлөв гарсан байна. “Trip.com”-ын мэдээгээр тухайлбал, Шинжааны Бортал, Өвөр Монгол, Юньаний цайны тариалангийн бүс орон нутгийн аяллууд том хотуудынхаас даруй 11 хувиар өндөр, жилийн өмнөхтэй харьцуулахад бүр 25 хувь нэмэгдсэн байна. Энэ нь хятадын аялал жуулчид энэ жилийн хувьд өртөг зардал хямд төсөр аяллыг илүүтэй сонирхож байгааг харуулж байна гэж салбарынхан үзэж байна.
БНХАУ-д хөдөлмөрчдийн баярын амралтаар аялал жуулчлал эрс өсөх төлөв гарчээ | ||
Үзсэн: 176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.