Шууд Chart

“Эрээн хавиргат” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Б.Төрбат

2018-04-04 08:41:04

Б.Төрбат арслан 1938 онд арслан цол хүртээд төрөлх Жаргалант сумынхаа нарийн Улиастайн голын Дөрөө хангинадагийн доод тохойд нэгэн чулуу өргөж эр бяраа сорин чандманилан тавьсан гурван чулуун дээр байрлуулсан нь эдүгээ хүч чадал, бяр тэнхээтний мөнхийн хөшөө болон торойж байна...

Хуучнаар Сайн ноён хан аймгийн Эетэй Засгийн хошуу, хожмын Эрдэнэцогцолсон уулын хошуу, одоогийн Архангай аймгийн Жаргалант сумынхан найрсаг, зочломтгой, хүн ард нь ажилч хичээнгүй, нягт нямбайгаараа нэртэй хүмүүс байдаг юм. Хуучин цагт “Мод мэрж амьдардаг” гэж нүд үзүүрлэгддэг байв. Энэ нь модоор тэрэг, гэрийн мод, эмээлийн урлал хийдгийг нь хэлж буй хэрэг. Жаргалантын эмээлийн мод бол Монголдоо бараг “брэнд” бүтээгдэхүүн. Ёсорхуу гэж жигтэйхэн. Хүнд архи хундагалахдаа харыг цагаанаар дарах ёсыг бодож дор нь төгрөг, мөнгө, дор хаяад шүдэнз тавьж зочиндоо өгдөг ёстой. Энэ нь одоо ч хэвээрээ.

Ийм эрхэм зон олны дотроос төрсөн ар халхын хүчний нэг нь Монгол Улсын баатар зоригт, бардам түрэмгий арслан Баатарын Төрбат билээ. Говийн хүний амьсгал нь бачимдмаар уул, ус хад бартаа нь чихэлдсэн, хэтрүүлэгтэйхэн яривал хоёр уулын хооронд айл буух завсаргүй шахам сүрлэг уулсын дунд, 1905 онд Тээлийн голоор нутаглах, ойл харуулаас өөр хөдөлмөрийн багажгүй, тарчиг ядуухан модчины гэрт тэрбээр мэндэлсэн ажээ. Яртай түлээ нүдэж, ярдаг морь сарлагтай ноцолдож өссөн Б.Төрбат 1923 онд 18 насандаа Далай Чойнхор вангийн хошууны наадамд нүцгэлж Завханы “нахиу” хэмээн алдаршсан Санжсүрэн зааныг ууцаар нь тэвэрч сөрж мордон даваад, мөн Хан-Өндөр хайрханы тахилгын наадамд Жамсранжав начинг мөн л хаяж түрүүлэн урам зориг орсон гэдэг.
Мөн тэр жилээ одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант, Их-Уул сумын наадамд түрүүлээд улсад хүчээ соръё гэсэн бодол төржээ. Тэр жил нь 1928 он бөгөөд тавын даваанд Завханы “хөндлөн” Сандуйжав заанд унаад буцжээ.

Хойтон жил нь дахин мөнөөх заандаа амлагдан улсын начин цол хүртэж, долоон жилийн дараа буюу Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор улсын заан цол хүртэв. Нэг жил өнжөөд 1938 онд хөтөлгөө морьтой нутгаас гарч 20 гаруй өртөө хол замыг туулан ирж барилдаад 1024 бөхөөс зургаад Д.Гомбодагва зааныг, долоод “монхор” Самдан начинг, наймд Ш.Жамъяншарав зааныг, есөд “гулзгай” У.Дамчаа арсланг, аравт Өвөрхангайн Банди арсланг тус тус орхин түрүүлж бардам түрэмгий, баатар зоригт арслан цол хүртжээ.

Харин 1939 оны наадмаар Завханы Лхагва арслантай үгсэн “Би баруун талынх нь учрыг олъё, чи зүүн аймгийнхныг хая” гэж хэлэлцээд барилдсан гэдэг. Б.Төрбат арслан аатай, уран сайхан мэхтэй, дэвээ гараа сайтайгаас гадна “Уяж, уяж унаснаас уран барилдаад унасан нь дээр” гэж ярьдаг байсныг түүний төрсөн ах Б.Балжидын хүү Довдон багш дурсан ярьж байна.

Тэрээр шинэ цэрэг Түвдэндоржийг амлан авч баруун, зүүн мөрний барьцыг нь зогсоо зайгүй халж, зүүн ташаалдаж тонгороод дөрвөн хөллүүлээд “Хүү минь нохой байрлалаас барилддаггүй юм. Дахин барилдъя” гээд босгож ирж дахиж тонгороод даалгүй унаж дөрвөн хавиргаа хугалжээ. Үүнээс үзвэл Б.Төрбат арслан мөн амнаасаа болдог хүн байжээ. Энэ нь түүний нэг дутагдал байж (Домогт нутгийн удамт бөхчүүд. Б.Довдон. 16 тал). 1934, 1936 онд улсад барилдалгүй өнжихдөө Архангайн наадамд Н.Жамьян аваргыг дараалан өвдөг шороодуулан түрүүлсэн байна.

“Ээ, Б.Төрбат чинь гэдэс нь татаад, царай нь хүрэнтээд, хавирганых нь матааснууд тодроод ирвэл халгаатай, яг л халуун цог атгах гэж байгаа юм шиг санагддаг сан” гэж хожим нь Н.Жамъян аварга хуучилсан юм гэнэ билээ.

Б.Төрбат гуай улсад 10 гаруй удаа шөвөгт үлдсэн хурц түргэн шалмаг барилдаанч, хааяа аархуу маягийн эгдүүтэй үг хэлчихдэг хүрэн бор залуу байсан бөгөөд дэлж байхад нь хавирга нь тодрон цайрч харагддагийг үеийн бөхчүүд “Эрээн хавиргат” гэж хочилсон нь түүний мөнхийн нэр болон үлджээ.

1976 оны хавар юм. Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ерөнхий нягтлан бодогч, аймгийн хурц арслан Чойжилжавын Нямжавынд Б.Төрбат арслан айлчилжээ. Ч.Нямжав арслан түүний төрсөн эгчийн хүүхэд юм. Өндөр нуруутай, унжуу гэмээр хамартай, том цээжтэй, гарын хурууных нь үе болгон дээр эвэр ургачихсан юм шиг санагдсан. “Надад мэх гэж юу байх вэ, зүгээр л хүнээс ирсэн мэхэнд нь л хариулж барилдана. Ерөнхийдөө тогтооно оо. Бүүр арга барагдвал баруун, зүүн тонгорно. Дөрвөлжин барьцнаас давуулчихна. Хааяа эргүүлж өсгийднө. Мэх хариулна. Хараа гайгүй байсан байх” гэж их л цааргалангуй ярьжээ. Хүн өтлөөд ир, бяр хариад нас ахиад ирэхээрээ өмнөхөө ярьж хуучлах дургүй болчихдог юм гэдгийг нилээд хожуу ухаарсан хэмээн Ч.Нямжав дурсчээ.

Б.Төрбат залуудаа барилдахын зэрэгцээ Намнан уулын хошууны Эвлэлийн товчлох хорооны зохиолын тасгийн даргаар ажиллаж, тухайн үедээ сэхээтэн, улс төрийн албан хаагч явжээ. Энэ албанд ирэхээсээ өмнө нутагтаа сумын анхны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа сумынхаа наадамд төрсөн ах Б.Шажинбаттайгаа үлдэж түрүүлж байсан гэж Б.Довдон багш тодруулан ярьж байв. Үеийнх нь бөхчүүдээс нилээд хожим сонссоноор бол 1946 онд маршал Чойбалсангийн шийдвэрээр улс хувьсгалын 25 жилийн ойд барилдах бөхчүүдийг тусгай машинаар авахуулах болжээ. Унаа хүлээж уйдсан бөхчүүд бэсрэг наадам хийхэд 41 настай харимал арслан Б.Төрбат нэгийн даваанд аймгийн морин отрядын цэрэгт тун ч ядах юмгүй уналаа гэнэ.

“Арслан хүч их үү? Яагаад анхны даваанд уначихав аа? Эндээс нутаг буцвал зардал мөнгөө гамнах юм биш үү” гэж үеийнх нь бөхчүүд тоглоом шоглоом хийхэд “Эхний даваанд явчихгүй бол тав давна” гэж хариулсан гэдэг. “Аймгийнхаа хонхорт ганц давахгүй байж нэрэлхүү ч арслан бол доо” гэж шуугилдсанд “Огт барилдаж үзээгүй бөх л хэцүү” гэжээ. Нээрэн л тэр жилээ улсад тав давжээ. Б.Төрбат арслан 1938 онд арслан цол хүртээд төрөлх Жаргалант сумынхаа нарийн Улиастайн голын Дөрөө хангинадагийн доод тохойд нэгэн чулуу өргөж эр бяраа сорин чандманлан тавьсан гурван чулуун дээр байрлуулсан нь эдүгээ хүч чадал, бяр тэнхээтний мөнхийн хөшөө болон торойж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Эрээн хавиргат” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Б.Төрбат   
Үзсэн: 4024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.22.xxx] 2018-04-04 12:04
Үр ач нар нь бас л сайхан яваа. Барилддаг сайхан залуус байгаа байгаа.
Зочин [66.181.187.xxx] 2018-04-04 11:22
2014 онд сүүлд төрөл садангууд нь тэр хөшөөг замын хажууд босгосон байна лээ. Их л том чулуу. Кранаар тавьсан болов уу гэмээр. Сайхан мэдээлэл байна.

Бидэнтэй нэгдээрэй