Шууд Chart

Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь нэг жилийн дотор нас барж байна

2018-09-12 12:49:28

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.09.12/ болж, Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах талаар авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Монгол Улсын хүн ам ходоод, улаанхоолойн хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. 2017 онд нийт нас баралтын 25,6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлжээ. Үүнээс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт азийн орнууд болон дэлхийн дундажтай харьцуулахад 61,1 хувь, нас баралт 54,1 хувь байна.  Хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 хүртэл хувь нь 45-59 насных бөгөөд 80 хувь нь хожуу шатандаа оношлуулж байгаагаас нас баралт их төдийгүй оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна.

Өнгөрөгч онд 6073 хүн хавдраар өвдөж оншлогдсноос 4004 нь тухайн жилдээ нас баржээ. Цаашид ойрын 20-30 жилд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцооллыг гаргаад байна. Нэн тэргүүнд хүн амын дундах  хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх нь зүйтэй гэв. Энэ нь нас баралтыг бууруулах цаашлаад өвчнийг бүрэн эмчлэх, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм. Зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлүүдийг эрт илрүүлэхэд нэг хүнд дунджаар 20-100мянган төгрөг зарцуулах бол өвчилсөн нэг хүнд  11-13 сая төгрөг дунджаар зарцуулагддаг нь эрүүл мэнд, амь насанд төдийгүй эдийн засагт ихээхэн хохирол дагуулсаар байна. Иймд хүн амд хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлт хийх нь чухал юм.

Сүүлийн 10 жилд амбулториор үзлэг хийлгэх иргэдийн тоо 1,6 дахин өсч, түүнийг даган бусад үзүүлэлтүүд тогтмол нэмэгдэж, мэс засал хийлгэж буй өвчтөний тоо 67 хувиар өссөн байна. Нийт өвчлөгсдөд мэргэжлийн нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг Хавдар судлалын Үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн учир эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөжүүлэх шинээр шаардлага хангасан дэд бүтцийг бий болгох зайлшгүй нөхцөл үүсээд байна. Иймд “Энэр мед” ХХК-ийн барьж буй эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр ХСҮТ-ийн үйл ажиллагаанд өргөтгөн ашиглах урьдчилсан нөхцөл байдлыг судлан санал боловсруулж, танилцуулж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга хот байгууулалт, Эрүүл мэндийн сайд нарт  үүрэг болгов.


Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь нэг жилийн дотор нас барж байна  
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй