Шууд Chart

Ойн бөхийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ

2014-01-13 11:19:37

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комисс, УИХ-ын Тамгын газар, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болж өнгөрөв.

  Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга Р.Гончигдорж нээж товч үг хэлсэн юм. Тэрээр ”Улс орноо гэсэн Монгол Улсын иргэн та бид өнгөрсөн 22 жилийн хугацаанд Үндсэн хуулиа мөрдөн сахиж, түүний хүрээнд хэрэгжүүлж, иргэний ардчилсан нийгмээ цогцлоон бүтээхийн төлөө хамтдаа байж, богино хугацаанд улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд чамгүй амжилтыг оллоо. Ард түмнийхээ хүсэл зориг, сонголтыг баталгаажуулсан үндсэн хуулийг боловсруулж баталсан УБХ-ын гишүүд, АИХ-ын депутат та бүхэнд УИХ-ын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.
 
 
  Бөхийн барилдааны нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн,  дархан аварга  Б.Бат-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцав.
  Мөн УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн өдөрт зориулан Төрийн ордонд зохион байгуулсан Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтад оролцсоны дараа Бөхийн өргөөнд очиж үндэсний бөхийн барилдааныг үзэж сонирхсон юм. 
Барилдаанд улсын арслан Ө.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх нарын хүчит 224 бөх зодоглолоо.
  Тус барилдааныг 1992 оноос хойш зохион байгуулж ирсэн юм. Энэхүү барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу дөрөв түрүүлсэн бол И.Доржсамбуу гарьд гурван удаа түрүүлж байжээ.
 
 

Үндсэн хуулийн 22 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэв. Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд гарьд Д.Рагчаа анх удаагаа түрүүлж байгаа бол улсын заан Ч.Санжаадамба цэргийн хурц арслан цолтой байхдаа 2010 онд түрүүлж байжээ.

 


Ойн бөхийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ  
Үзсэн: 1999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй