Шууд Chart

“Төрийн бэлгэдэл” үзэсгэлэн нээгдлээ

2014-01-13 13:25:54

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойд зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12:00 цагт Төрийн ордон дахь төрийн түүхийн музейд болов.

  УИХ-ын дарга З.Энхболд уг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, өнөөдөр Та бид ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу уламжлал ёсоор ойд зориулан үзэсгэлэн нээхээр Төрийн түүхийн музейд хуран цуглаад байна.Өнгөрсөн жил “Ардчилсан Үндсэн хууль 21 жил” гэрэл зураг, баримтын үзэсгэлэнг Төрийн ордны Баганат танхимд гаргаж байсан.Энэ жил бид олон нийтэд үйлчлэх болоод удаагүй байгаа Төрийн түүхийн музейд тусгай танхим нээж “Үндсэн хууль-Төрийн бэлгэдэл” сэдэвт үзэсгэлэн гаргаж та бүхэнд толилуулж байна.Нүүдэлчин монголчууд хад чулуун дээр зурж, ахуйн хэрэглэлдээ дүрслэн үлдээсэн тамга, тэмдэг, янз бүрийн бэлгэдэл зүйлс нь төр улс үүсэх явцад төрийн бэлгэдэл болж хувирсан түүхтэй. Бэлгэ тэмдгийн бүхий л дүрслэл дотроос төрийн сүлд, туг, тамга, дуулал бол хамгийн эрхэм нандин бэлгэ тэмдэг болдог. Тийм учраас ардчилсан Үндсэн хууль батлагдсан энэ өдөр төрийн бэлгэдлийн түүхтэй Та бүхэн танилцах болно гэлээ.
 
 
Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга, доктор Ж.Амарсанаа үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн төрийн түшээд, Үндсэн хууль тогтоогчдод баяр хүргээд Үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдлыг иргэн бүр сайн ойлгож мэдэрч, хуулиа даган мөрдөж, төрийн бэлгэдлээ зөв ойлгож, зөв хэрэглэж сурах хэрэгтэйг зөвлөөд энэ талаар бичсэн шинэ номоо Төрийн түүхийн музейд бэлэглэв.
  Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын зарим гишүүд, ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүд, албаны бусад хүмүүс оролцлоо.
Уг үзэсгэлэнд Үндсэн хуульд заасан төрийн бэлгэдлүүд болон төрийн есөн бэлгэ, долоон эрдэнэ, ардчилсан Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр төрийн сүлдний талаар иргэдээс ирүүлсэн загварууд зэргийг дэлгэн тавьсан байна. Мөн Монголбанкны Эрдэнэсийн сангаас шашин төрийг хослон баригч нарангэрэлт Богд Жавзундамбын хэрэглэж байсан төрийн алт, мөнгөн тамга, шашин төрийг хослон өрнүүлэгч эх дагинын хэрэглэж байсан мөнгөн тамгыг авчирч тавьсан бол Үндэсний түүхийн музейгээс Халхын Очирбат түшээт ханы тамга, Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамгыг олон нийтэд үзүүлэхээр авчирсан байна. 
 Тус музейд одоогоор цаасан баримт болон биет үзмэр бүхий нийтдээ 140 гаруй ховор нандин үзмэр байгаа аж. 
 

“Төрийн бэлгэдэл” үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй