Шууд Chart

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

2014-01-14 08:45:33

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өнөөдөр /2014.01.13/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм. Энэхүү хуулийн төслийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувь нь гэр бүлийн үлдсэн гишүүний нь амьдралын тодорхой хугацаанд өвлөгдөхөд чиглэж байгаа аж.

Гэхдээ хуулийн төсөлд тусгаснаар энэ талаар тодорхой шалгуур тавигдах юм байна. Тухайлахад хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрүүтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэн Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдахгүй байхаар төсөлд тусгажээ. Түүнчлэн тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуультай энэ хуулийн төслийг адилтган ойлгож болохгүй гэдгийг төсөл санаачлагчид хэлж байв. Учир нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуульд уг тэтгэврийг авах субъектүүдийг тодорхой заасан байдаг.

Төрөөс тэтгэврийн тогтолцооны асуудлыг зөв тодорхойлох, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлалыг бий болгох, шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн асуудлыг нэг удаагийн арга хэмжээгээр зохицуулах зэрэг иргэд рүүгээ чиглэсэн нааштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч төрөөс зайлшгүй зохицуулах шаардлагатай асуудлууд байсаар байна. Үүний нэг нь хамтын тэтгэврийн асуудал учраас энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгээ гишүүд хэллээ.


Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй