
Сонгинохайрхан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн М.Отгондалай шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаарх сэтгэгдлээ хуваалцахаар бидэнд хандсан юм. Тэрбээр гарцаар зам хөндлөн гарч яваад тохиолдсон үйл явдлаас үүдэн эрүүгийн хэрэгт холбогдож, шүүхээр шүүлгэж эрхээ хамгаалуулсандаа "Над шиг хохирсон олон хүнийг зовлонгоос нь салгаж байдаг шүүхэд баярлалаа. Шүүх хүнлэг, үйлчилгээ сайтай болохоор хэргээ шийдүүлэхэд сэтгэл тэнүүн байлаа” хэмээн ярьж байв.
-Та ямар учраас шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэх болов?
-Миний бие уул уурхайн компанид ажилладаг жирийн нэг ажилчин залуу. 2018 оны долдугаар сард явган хүний гарцаар ахтайгаа зам хөндлөн гарах гэж явтал ах түрүүлээд зам гараад явсан гэтэл нэг хар машин ахыг дайрах шахам өнгөрөөд би ахыгаа татаж авч арай дайруулаагүй өнгөрсөн юм. Гэтэл нөгөө машины жолооч гарч ирээд намайг хэл амаар доромжилж, хэд хэдэн удаа цохисон. Би зөрүүлээд нэг л цохисон. Манай ах жаахан халамцуу байсан учраас уурандаа машин руу нь чулуу шидээд шилийг нь хагалчихсан. Жолооч нь намайг хагалсан гэж андуурсан юм билээ. Тэгээд машины жолооч цагдаа дуудсан. Жолооч өнгөрөөд явсан чигээрээ явчихсан бол ийм асуудал үүсэхгүй байх байсан. Ийм асуудлаас болоод цагдаа, прокурор эцэст нь шүүхэд ирж хэргээ шийдүүлээд явж байна.
-Та зодуулж хохирсон гэж ярилаа. Гэхдээ прокуророос таныг бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн хэрэгт ялласан юм уу?
-Уг нь би жолоочид олон удаа цохиулаад нүд хавдаж улайсан байдалтай өөрийгөө хохирсон гэж бодож байтал намайг яллагдагч болгож татсан. Уг хэрэг явсаар байгаад прокурор дээр хянагдсан. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд би үнэхээр их зүдэрсэн. Ийм шударга бус зүйл байдаг л юм байх даа гэж цөхөрч байсан. Үүнээс болоод би ажлаасаа халагдсан.
Тэгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирж шүүх хуралдаанаар шүүгч хэргийг маань шударгаар шийдвэрлэж цагаатгасан байгаа.
-Шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэхэд ямар байсан бэ. Танд хүндрэлтэй байв уу?
-Анхан шатны шүүх хэргийг маш шударга шийдвэрлэсэнд үнэхээр их баярлаж байгаа. Гарцтай газраар гарч яваад зүй бус араншинтай хүнтэй таарснаас болж бие сэтгэлийн хохирол амсаад зогсохгүй давхар эрүүгийн хэрэгт хууль, шүүхээр шүүлгэж багагүй хугацаанд явлаа. Замын хөдөлгөөнд соёлтой оролцож, явган хүний гарцаар зам тавьж өгч байгаач гэж нийт жолооч нарт анхааруулмаар байна. Харин миний холбогдсон хэргийг шударгаар шийдэж өгсөн шүүхэд баярлалаа.
Шүүх хуралдаанд сууж байхдаа шүүгч хүн гэдэг ямар их өндөр хариуцлагатай байдаг юм вэ гэдгийг мэдэрсэн. Хавтаст хэрэгт цугларсан цагдаа, мөрдөн, прокурорын шатанд авагдсан мэдүүлэг, баримт сэлтийг нягталж маш нямбай хандаж байгааг хараад улсынхаа шүүх, шүүгчээр бахархаж байсан.
Би урьд нь шүүх, цагдаагаар нэг ч удаа орж гарч явж байгаагүй болохоор явж явж цагдаа прокурорын байгууллагаас илүү шүүх дээр хэрэг ирээд маш хурдан шуурхай шийдэгддэг, үйлчилгээ сайтай, ажилтнууд нь хүнлэг газар гэж гайхаж байсан шүү. Шүүх хүнлэг байсанд сэтгэл уужрах шиг болсон. Цагдаагийн байгууллага дээр үнэхээр зовсон. Байнгын дуудна, хүлээлгэнэ, суулгана энэ байдлаас нь болоод ажлаасаа халагдсан. Баримт бичиг бүрдүүлэх гэж маш их цаг хугацаа зарцуулсан. Би уг нь жолоочид зодуулж хохирсон хүн байтал намайг яллагдагчаар татсанд үнэхээр их гайхсан. Шүүх л эцсийн шийдвэр гаргадаг гэсэн болохоор үнэн зөвийг нь олох байх гэж горьдлого тавьж байсан. Шүүх байхгүй байсан бол би өнөөдөр хохироод л өнгөрөх байсан гэдгийг хэлмээр байна.
Ингээд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, хамт олонд маш их баярласнаа дахин дахин хэлмээр байна гэв.
Ж.Энхбаяр
М.Отгондалай: Шүүх хүнлэг байсанд сэтгэл уужрах шиг болсон | ||
Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.