Шууд Chart

Стэфано Салватори: Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын хөгжим их таалагдсан

2018-11-15 09:21:50

Италийн алдарт “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори манай улсад гурав дахиа ирээд байна. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартүвшингийн урилгаар 2016 онд анхлан ирж, бие даасан тоглолтоор нь симфони найрал хөгжим удирдаж байлаа. Дараа нь ДБЭТ-ын урилгаар А.Аданы “Жизель” балетыг шинэчлэн найруулсан байдлаар удирдан тоглуулж, үзэгчидтэй дахин уулзсан. Харин одоо ДБЭТ-ын гоцлол дуучин сопрано Б.Энхнарангийн уран бүтээлийн бие даасан “Сопрано” тоглолтод хүч нэмэх гэж байгаа юм. 

Түүнтэй ярилцлаа.

-Та сайн явж байна уу. Даараа юу даа?

-Хүйтэрчээ. Намайг ирэхэд гайгүй байсан юм, өнөөдөр (өчигдөр) даарлаа. 

-Монголд ирэх дуртай болжээ.

-Тийм ээ. Яг л гэртээ байгаа юм шиг тухтай байдаг. Монголчуудтай ойлголцоход амар. 

-Та их завгүй хүн юм билээ. Тэгсэн хэрнээ дуучны урилгаар хувийн тоглолтыг нь зориод хүрээд ирж. Монголын дуучид, хөгжимчид чадварлаг болохоор сэтгэлийг тань татдаг бололтой. 

-Үнэн. Ялангуяа танай дуучид сайн. 

-Гоцлол дуучин Б.Энхнарангийн “Сопрано” тоглолтын хөтөлбөр таалагдав уу. Таны зүгээс нэмж, хассан зүйл бий юү?

-Хасаагүй. Би хоёр бүтээл нэмж санал болгосон. Дуучин бэлтгэл сургуулилалт сайн хийж байгаа учраас амжуулаад дуулчихна. 

-Та сая хөтөлбөрт байгаа дуулах ари, романсуудыг тооллоо. Рахманинов, Чайковский нарын нэрс дурдагдаж байна. Италид ч гэсэн эдгээр хөгжмийн зохиолчийн бүтээл эрэлттэй юү?

-Бид Оросын болон бусад үндэстний хөгжмийн бүтээлүүд дээр байнга ажилладаг. Тэд дэлхийн уран бүтээлчид.

-“Сопрано” тоглолтод манай улсын хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарын романс дуулах юм байна. Танд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

-Сайхан бүтээлүүд байна лээ. Би Монголын хөгжмийн зохиолчдоос Шарав, Жанцанноров, Билэгжаргал нарын хөгжимтэй танилцаж амжлаа. Ялангуяа Билэгжаргалын “Ламын нулимс” дуурийн хөгжим их таалагдсан. Мэргэжлийн өндөр түвшинд бичсэн бүтээл. Э.Амартүвшин уран бүтээлийн тоглолт хийхдээ энэ дуурийн гол дүрийн ариг дуулж байсан. Энэ мэт жишээнээс харахад монголчууд их хөгжимлөг хүмүүс юм гэж бодсон. 

-Гоцлол дуучин Б.Энхнарангийн тухай юу хэлэх вэ?

-Дуулаачийн орос дэг сургуультай сайн дуучин юм. Ер нь Монголын дуучдад Оросын дуурийн урлагийн нөлөө байна. 

-Энэ нь муу юу?

-Яалаа гэж. Оросын дэг сургууль сайн шүү дээ. Б.Энхнаран дуулах ур зүйд суралцсан, оросоор ч, италиар ч сайхан дуулдаг юм байна. Цаашид итали дуурьт дүр бүтээхдээ яг л итали хүн жүжиглэж байгаа юм шиг уусаж тоглох дайнд ур чадвар эзэмшчих юм бол Италийн ямар ч театрт дуулах боломжтой. 

-Та энэ удаагийн тоглолтод симфони найрал хөгжим удирдахаас гадна юу хийх вэ?

-Төгөлдөр хуураар хамсран хөгжимдөнө. Төгөлдөр хууртай дуулах долоон бүтээл бий. Түүний зургааг Энхнаран, харин нэгийг нь Амартүвшин дуулна. Амраа Ж.Вердийн “Макбет” дуурийн Макбетын ари дуулах юм. 

-Та төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, удирдаач юм билээ. Нэг хүнд их урлагийн өндөр дээд хэмжүүр болсон чадварууд бүрэн цогцлох гэдэг тийм ч элбэг бус. Энэ өндөрлөгт хүрэх гэж их зүтгэсэн болов уу. Зам бартаатай байсан уу?

-Шат шатаар ахиулсан. Бүгдийг нэг дор эзэмших боломж байхгүй. Төгөлдөр хуурч болох дуртай байсан. Хөгжмийн зохиолч болоод өөрийн хүссэнээр гоё хөгжим зохиохыг хүссэн. Мөн симфони найрал хөгжим, дуурь, балет удирдан тоглуулдаг хүн болмоор байсан. Миний нэг онцлог гэж хэлж болох байх. Би хажууд байгаа чадвартай хүн бүрээс суралцаж байдаг зантай. Дэлхийг шилдэг удирдаачдын нэг Барембойм “Ла Скала”-д “Кармен” дуурь удирдахаар бэлтгэл сургуулилалт хийж байхад нь дэргэдээс нь суралцаж байлаа. Хүн бүрийн чаддаг зүйлийг өөрийн болгоод байхаар овоо юм мэддэг болно биз дээ. 

-Таны зохиосон хөгжмийн бүтээлүүдтэй youtube-ээс сонсож танилцаж болох уу?

-Үгүй ээ, тэнд тавьдаггүй. Театр, концертын танхимд тоглуулах үед л сонсож болно. Би төгөлдөр хуурч болохоор шууд зохиож тоглохыг илүүд үздэг. Импровизац гэдэг шүү дээ. 

-2017 оны зун олон улсын фестивальд 100 виолончельч хөгжимдүүлж оролцсон байна лээ. Та өөрийнхөө зохиолыг тоглуулсан уу. Ямар гоё дуугаралтыг хүмүүст сонсгож дээ. 

-Тэр 100 хөгжимчний дийлэнх нь виолончельч, хэд нь контрбасс хөгжимчин юм. Өтгөн дуутай хөгжим олныг нийлүүлж тоглуулах санаа төрсөн юм. Үнэндээ бол өвөрмөц, маш их эерэг энерги мэдрүүлсэн тоглолт болсон. “Ла Скала”, Верона хотын задгай “Арена” театр, Ториногийн “Регио” зэрэг театрын буюу Италийн хамгийн алдартай симфони найрал хөгжмүүдийн тэргүүн хөгжимчдийг урьсан юм. 

-Та манай нэртэй дуучин Э.Амартүвшинтэй хэрхэн танилцсан бэ?

-Итали улс дахь Монголын өргөмжит консул Гантуяа танилцуулсан. Удалгүй түүнийг дуулахыг сонсоод ихэд таалсан даа. Монголд тоглолт удирдаж өгөөч гэж урихад нь ирж байлаа. Бид эхлээд Монголд, дараа нь Италид тоглосон. Хамтарч ажиллахад таатай байдаг. 

-Түүнийг дуучны нь хувьд хэрхэн үнэлдэг вэ?

-Тэр чадалтай хоолойтой, тогтсон гоё өнгөтэй сайн дуучин. Хамгийн гол үзүүлэлт бол дуурийн урлаг уламжлал нь болсон Итали улсад театруудад нь жүжигт тоглож, дүр бүтээгээд, хүлээн зөвшөөрөгдөж байгаа байдал. 

-Өөрөөр хэлбэл итали дуурьт итали дуучин шиг дуулж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Ер нь дуурийн дуучдыг хоолойн сайхнаар гэхээс илүү жүжигт буюу дуурьт дүр хэр сайн бүтээж байна вэ гэдгээр таньдаг, хэмждэг. Ялангуяа Ж.Вердийн том дууриудын гол дүрүүдийг италичуудад хүртэл бүтээх гэдэг бол өндөр шалгуур. 

-Та Монголоос очоод хаана ямар ажил руугаа яарах вэ?

-“Ла Скала” театрын уран бүтээлийн шинэ улирлын нээлтийн бэлтгэлийн ажилтай. Театрын улирлы нээлт арванхоёрдугаар сарын 7-нд болох юм. Үүний дараа Хорватын Загребт найрал хөгжим удирдаад, тэндээсээ Египетийн Каир хотын Дуурийн театрыг зорино.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Стэфано Салватори: Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын хөгжим их таалагдсан  
Үзсэн: 1203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.27.xxx] 2018-11-17 16:01
bugded n urlagiin tomoos tom amjilt chuseei

Бидэнтэй нэгдээрэй