
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ нар Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаатай өчигдөр биечлэн танилцлаа.
Тус байнгын хорооны дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан ЭМЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай ийнхүү танилцаж, цаашид тус салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлаар харилцан санал солилцож байгаа юм.

Эрүүл мэндийн сайд С.Удвал 2012-2013 онд хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцөл бололцоог хэрхэн бүрдүүлсэн, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон дархлаажуулалтын үр дүн, эх нярайн эндэгдэл буурсан талаарх мэдээллийг энэ үеэр өглөө. Түүнчлэн Монгол Улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бий болж хөгжсөн 20 жилийн хугацаанд даатгалд хамрагдагсдын тоо жил бүр нэмэгдэж, 2012 оны байдлаар нийт хүн амын 90,4 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаад байгаа аж. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буй долоон төрлийн тусламж, үйлчилгээнд 2012 оны байдлаар 106,7 тэрбум төгрөг зарцуулсан хийгээд, нийт тусламж, үйлчилгээний зардлын 62,8 хувийг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардал эзэлж байгаа талаар мэдээлэлд дурдагдлаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хөдөөгийн эмнэлгийн хангамж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг чухалчлаад, одоогоор орон нутагт хэдэн эмнэлэг, ямар тоног төхөөрөмж шаардлагатай байгаа судалгаа байгаа эсэх талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хүүхдийн эмч дутагдалтай байгаа талаар онцолж цаашид хүүхдийн эмчийг сургаж, бэлтгэх талаар салбарын яам ямар арга хэмжээ авч, хэрхэн хэрэгжүүлэх тухай асуудлыг хөндөв.
Түүнчлэн гишүүдийн зүгээс орон нутаг болон нийслэлд баригдаж байгаа эмнэлгийн барилгуудын явц байдлын талаар асууж, дутуу орхисон барилгын ажлыг дуусгах, удаашралтай баригдаж байгаа барилгын ажлыг түргэвчлэх хэрэгтэй байгааг анхааруулсан юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаатай танилцаж байгаа энэ удаагийн уулзалтын ач холбогдол байнгын хорооны гишүүдийг мэдээллээр хангах, нөгөө талаас эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлыг судалж, цаашид, хууль тогтоомжид тусгаж, эрх зүйн орчинг сайжруулахад оршиж байгааг онцоллоо.
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар гишүүд Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм байна.
Байнгын хорооны гишүүд эрүүл мэндийн үйл ажиллагаатай танилцав | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.