
Дундговь аймаг
Мандалговь хотынхон үндэсний бөхийн гурван үеийн барилдаанаар нүд баясгасан өдрүүд өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдэд боллоо. Өсвөр үе, цэцэрлэгийн насны хүүхдийн үндэсний бөхийн уламжлалт барилдаан, сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан тус тус дараалан тохиосон юм.
Цэцэрлэгийн насны хүүхдийн барилдааныг анх Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн багш нар санаачлан сар шинийн баярт зориулан зохион байгуулдаг болсон бөгөөд дөрөв дэхь жилийн барилдаан ийнхүү улс, аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдаантай давхцсан байна.
Энэ удаагийн барилдаанд Сайнцагаан сумын 6 цэцэрлэгийн 64 бөх зодоглож 4 дүгээр цэцэрлэгийн бөх Б.Батболд түрүүлж, 5 дугаар цэцэрлэгийн Б.Бага-Эрдэнэ үзүүрлэсэн бол 3 дугаар цэцэрлэгийн Э.Хишигтулга уран барилдаан үзүүлсэн, Д.Насанбаяр үзэгчдийн сайшаал хүртсэн бөхөөр шалгарч, үзэгчдийг баясгав.

Сар шинийн баярт зориулсан насанд хүрэгчдийн барилдаан ч энэ удаа дурьдах онцлогтой байсныг бөх сонирхогчид онцолж байсан юм. Дундговь аймгийн харъяат улс, аймаг, сумын цолтой бөхчүүдээ нэгтгэн бэлтгэл сургуулилтыг нь тогтмолжуулж, улсын баяр наадамд амжилт ахиулах нөхцлийг бүрдүүлэхээр бизнес эрхлэгч залуучууд санаачилга гарган хэрэгжүүлж байгаа. Энэ нь хэр үр дүнтэй байгаа, бөхчүүдийн барилдах ур чадвар хэр зэрэг өсч, ахиц гарч байгааг бөх сонирхогчиддоо харуулах зорилгыг нэг талдаа агуулж Улаанбаатар хотоос 50 гаруй бөх хүрэлцэн ирж барилдсан байна.
Нийт 96 бөх барилдсан модон морин жилийн сар шинийн барилдаанд улсын харцага Л.Пүрэвжав түрүүлж, аймгийн хурц арслан А.Алтанхуяг үзүүрлэн, шөвгийн гуравт аймгийн арслан А.Саруулсайхан шалгарч үлджээ.
Харин аймгийн ССАЖ-ын газар, “Чүлтэм аварга” сан хамтран зохион байгуулсан өсвөрийн үеийн аймгийн аварга шалгаруулах бөхийн барилдаанд 12 сумын 120 бөх уран мэх уралдуулж, Баянжаргалан сумын Б.Одсүрэн түрүүлэн, “Чүлтэм аварга” сангийн нэрэмжит цомын эзэн болсон бол МСҮТ- ийн бөх О.Лхагвадорж үзүүрлэсэн байна.
Улсын харцага Л.Пүрэвжав “цагаан сар”-ын барилдаанд түрүүллээ | ||
Үзсэн: 2971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.