
Арменд парламентийн сонгууль болж, тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Никол Пашиняны тэргүүлсэн эвсэл үнэмлэхүй ялалт байгууллаа. Санал тооллогын дүнгээр Пашиняны тэргүүлсэн эвсэл 70.4 хувийн санал авсан байна. Харин эдний өрсөлдөгч “Хөгжин цэцэглэгч Армени” нам 8.3 хувийн дэмжлэг авч хоёрдугаарт, “Гэрэлт Армени” нам 6.4 хувьтай гуравдугаарт жагсчээ.
Арменд анх удаа явуулсан ээлжит бус сонгуульд улс төрийн есөн нам, хоёр эвсэл холбоо оролцсоноос ийнхүү “Миний алхам” эвсэл үнэмлэхүй ялалт байгуулж, тус эвслийг бүрдүүлж байгаа Пашиняны “Иргэний зөвшилцөл” нам парламентад олонх болохоор боллоо.
Харин Армений эрх баригч хүчин байсан Бүгд найрамдах нам 4.5 хувийн саналтайгаар парламентад суудалгүй хоцорчээ. Хуулийн дагуу таван хувийн саналтай байж парламентад суудалтай болно. Гэхдээ Армений үндсэн хуульд заасны дагуу парламентийн нийт суудлын 30 хувийг сөрөг хүчний намуудад олгодог байна.
Хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улс байсан Арменд өнгөрөгч хавар дэгдсэн авлига хээл хахуулийн эсрэг нийтийг хамарсан жагсаал цуглааны дүнд одоогийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Николь Пашинян төрийн эрхэнд гарсан юм.
2008 онд эмх замбараагүй байдал дэгдээсэн хэргээр ял шийтгүүлж байсан, сонины редактор ажилтай байсан Пашиняныг 1990 оны сүүлч үеэс хойш Арменийг удирдаж байсан эрх баригчдын эгнээнд эргэлт гаргасан цоо шинэ боловсон хүчинд тооцдог. Тэрбээр Ерөнхий сайдаар таван сар ажилласны эцэст өнгөрөгч 10 дугаар сард огцорсноор парламент тарж ээлжит бус сонгууль явуулах нөхцөл бүрдсэн юм.
Николь Пашинян Засгийн газрын тэргүүний хувиар гадаад бодлогодоо онц өөрчлөлт хийхгүй, Москватай зөрчилдөхгүй гэж мэдэгдсэн юм.
Никол Пашиняны тэргүүлсэн эвсэл үнэмлэхүй ялалт байгуулжээ | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.