Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөл хамтран Зөгийн тоос хүртээлтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх TCP/MON/4103 төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Уг төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Төслийн нээлтийн арга хэмжээг нээж НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чинюнь Дяо, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар нээж үг хэлэв.
Энэ үеэр Засгийн газар, хамтрагчид болон түнш байгууллагуудад төслийг танилцуулж мэдээлэл хүргэв. Мөн оролцогч талууд төслийн хэрэгжилтэд техникийн дэмжлэг үзүүлэх, удирдан чиглүүлэх, хамтын ажиллагааг хангах тал дээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тухайлбал, НҮБ-ын ХХААБ-ын Үндэсний төслийн менежер А.Амгалан төслийн танилцуулгыг хийж, ХХААХҮЯ -ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Зөгийн аж ахуйн хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлого” сэдвээр, Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүн Б. Занданхүү Монголын зөгийн аж ахуйн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавив.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санхүүжүүлэн хэрэгжүүлэх “Зөгийн тоос хүртээлтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх” TCP/MON/4103 техникийн хамтын ажиллагааны төсөл нь 2026-2027 онд хэрэгжих гэж байна. Уг төслийн хүрээнд тоос хүртээлт ба зөгийн аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн үр ашиг ба экосистемийн дасан зохицох чадварыг сайжруулахад гол анхаарлаа чиглүүлэх юм.
Энэ хүрээнд балт ургамлын тариалалтын системийг нэвтрүүлж, зөгийн бэлчээр болон тоос хүртээлтийн үйлчилгээг нэмэгдүүлэх, зөгий үржүүлгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, менежментийг сайжруулснаар зөгийн бүлийн тоог нэмэгдүүлэх, зөгий үржүүлгийн менежмент болон эрүүл мэндийн хяналтыг бэхжүүлж зөгийн бал үйлдвэрлэл ба тоос хүртээлтийн үйлчилгээг нэмэгдүүлэх гэсэн гурван дэд зорилтыг хэрэгжүүлэн ажиллана.
Төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэг дор Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөл хэрэгжүүлж, Ургамал газар тариалангийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв зэрэг байгууллагууд хамтран ажиллах юм гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
| Зөгийн тоос хүртээлтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нээлт боллоо | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.