Дэлхийн гаалийн байгууллагын шийдвэр гаргах дээд байгууллага болох Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн 147/148 дугаар чуулган энэ оны зургаадугаар сарын 25-27-ны өдрүүдэд Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Гаалийн байгууллагаас ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй бусад албаны төлөөлөл чуулганы арга хэмжээнд биечлэн оролцож, ДГБ-ын 187 гишүүн орны төлөөллүүдтэй хамтран арилжааны луйвар, хууль бус худалдаатай тэмцэх, гаалийн байгууллагын дижитал шилжилт, гүйцэтгэлийн хэмжүүр, шинэ технологийн хэрэглээ зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох олон улсын стандарт, удирдамж, гарын авлагуудыг батлан, байгууллагын цаашдын бодлого, хөгжлийн чиглэлийг тодорхойллоо.
Чуулганыг ДГБ-ын зөвлөлийн дарга бөгөөд Нигер Улсын Гаалийн байгууллагын дарга ноён Башир Адивэйл Адение даргалж, ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Иан Сандерс нээж үг хэллээ. Тэрээр нээлтийн үеэр “гишүүн орнууд газарзүйн байршил, хөгжлийн түвшин, тулгамдсан асуудлаараа ялгаатай боловч бидэнд нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, олон улсын худалдааг хөнгөвчлөх зэрэг нийтлэг чиг үүрэг буйг онцлон тэмдэглэж, энэ чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаагаа улам сайжруулах шаардлагатай” хэмээн уриалав.
Түүнчлэн чуулганы үеэр хил дамнасан хууль бус худалдаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, устах аюулд өртөөд байсан 30 мянга гаруй амьтны хууль бус худалдааг таслан зогсоосон “Thunder” олон улсын ажиллагааны үр дүн зэрэг сэдвүүдийн хүрээнд холбогдох албаны төлөөллүүд онцлох мэдээллүүдийг солилцсон байна.
Энэ жилийн чуулган хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй нэгэн цаг үед зохион байгуулагдаж байна. Тэр ч утгаараа АНУ, Канад, Мексик гэх гурван тусгаар улсын 16 хотыг хамран анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээний үеэр тамирчид, албан ёсны төлөөлөгчид, тоног төхөөрөмж болон хэдэн зуун мянган хөгжөөн дэмжигчийг хилээр аюулгүй, түргэн шуурхай нэвтрүүлэхэд гаалийн байгууллага чухал үүрэг гүйцэтгэж байгааг чуулганд оролцогчид онцоллоо.
Ирэх 2027 оны гуравдугаар сард “Дэлхийн гаалийн байгууллагын шинэ технологийн форум” БНСУ-ын Сонгдо хотноо зохион байгуулагдах юм.
| Монголын гаалийн байгууллагын төлөөллүүд дэлхийн гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн 147/148 дугаар чуулганд оролцлоо | ||
| Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.