Шууд Chart

Эммануэль Макрон: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, зарим татвар хураамжийн хэмжээг бууруулна

2018-12-11 11:56:51

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон улсдаа мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, зарим татвар хураамжийн хэмжээг бууруулахаа амлалаа.

Хэдэн долоо хоногийн турш үргэлжилж, сүүлдээ хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд хүрч даамжирч байгаа олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаанд зориулж тэрбээр энэ мэдэгдлийг хийсэн юм.

Жагсагчид бензины татвар болон өөр бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцсэн.  Эммануэль Макрон өчигдөр ард түмэндээ хандаж телевизээр хэлсэн үгэндээ "Эсэргүүцлийн ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн уур хилэн, дургүйцлийг олон талаар зөвтгөх шалтгаантай" гэж ярьсан байна.

Улмаар ирэх 2019 оноос Францад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 100 еврогоор нэмэхээр болсныг мэдэгджээ. Мөн бага орлоготой тэтгэврийн иргэдээс татах татварын хэмжээг нэмэх төлөвлөгөөгөө цуцлаж, илүү цагийн хөлсөнд татвар ногдуулахгүй, ажил олгогчдыг оны төгсгөлд ажилтнууддаа татварын шимтгэлгүй урамшуулал олгохыг дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлэхээ зарласан байна.

Харин шинэ ажлын байр бий болгох шаардлагатай байгаа өнөөгийн нөхцөлд чинээлэг иргэдийн татварыг нэмэх нь эдийн засгийг сулруулна хэмээн энэ арга хэмжээнээс татгалзжээ.

Банкны эдийн засагч мэргэжилтэй Эммануэль Макроныг жирийн ард иргэдийн амьдралыг сонирхдоггүй гэж шүүмжлэх нь их байдаг. Түүний өчигдрийн мэдэгдэл харин энэ дүгнэлтийг өөрчлөх оролдлого боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.

Эммануэль Макрон бас Францын бүх бүс нутгийн удирдлагуудтай уулзаж, “урьд өмнө болж байгаагүй” хэлэлцүүлэг, санал шүүмжлэл өрнүүлэхээ амлажээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Эммануэль Макрон: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, зарим татвар хураамжийн хэмжээг бууруулна  
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-11 19:22
Erguu uher mongold hen uguh yum bol
france [127.0.0.xxx] 2018-12-11 17:57
za tegvel minii sariin tsalin 2500evro

Бидэнтэй нэгдээрэй