
Их Британийн парламентийн доод танхим дахь эрх баригч консерватив намын депутатууд Ерөнхий сайд Тереза Мэйд олонхийн саналаар итгэл үзүүллээ.
Тереза Мэйг намын дарга хэвээр үлдээхийн төлөө 200 депутат санал хураалгасан бол 117 нь эсрэг саналтай байжээ. Санал хураалтыг нууцаар явуулсан байна. Ийнхүү хатагтай Мэй консерватив намын дарга бөгөөд Ерөнхий сайд хэвээр үлдэж байна.
Нэг жилийн дотор Тереза Мэйд намын даргын хувиар итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт дахин явагдахгүй аж. “Надад дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Гэхдээ намын олон нөхөд маань миний эсрэг санал хураалгасан. Би тэдний үгийг сонсох болно” гэж Тереза Мэй санал хураалтын дараа мэдэгдэж, бас цааш үргэлжлүүлэн ажиллах бодолтой байгаагаа нэмж хэлсэн байна.
Консерватив намын 48 депутат өмнө нь нам нэгт Ерөнхий сайддаа итгэлгүй байгаагаа мэдэгдсэн албан захидлыг намын удирдлагадаа гардуулсан юм.
Их Британийн парламентын доод танхимын нийт гишүүний 15 хувь гарын үсэг зурсан тэрхүү захидал нь намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар консерватив намын бүлэг дотор санал хураалт явуулах хангалттай үндэс болжээ.
Тереза Мэйгийн Европын Холбооноос улсаа гаргахаар Брюссельтэй тохирсон нөхцлүүдийг намын нөхөд нь хүлээж авахын аргагүй гэж үзсэний үндсэн дээр Ерөнхий сайдад итгэл алдарсан юм.
Өөрийнх нь хийсэн гэрээний төсөл тийнхүү хэний ч сэтгэлд хүрэхгүй, батлагдах найдвар байхгүй байгаагаас Ерөнхий сайд Тереза Мэй энэ сарын 11-нд тэрхүү гэрээний төслөөр парламентад санал хураах байсныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Европын Холбоонд таатай болон таагүй хандагчид, Европын Холбооноос хатуу нөхцлөөр гарахын төлөөх үзэлтнүүд болон “зөөлөн Брексит”-ийг дэмжигчид гээд бүх талаасаа дайралтад өртөж байгаа боловч Тереза Мэй гэрээнд заагдсан нөхцлүүдийг Их Британи улсын хувьд боломжит хувилбаруудаас хамгийн сайн нь гэж зүтгэсээр байгаа юм.
Тереза Мэй Консерватив намын дарга бөгөөд Ерөнхий сайд хэвээр үлдэв | ||
Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.