Шууд Chart

Санаа хотын агаарын үйлчилгээ, газрын тос, хийн нийлүүлэлтийг сэргээхээр тохиролцжээ

2018-12-13 13:10:14

Шведэд хуралдаж байгаа Иемений сөргөлдөгч талууд Санаа хотын агаарын үйлчилгээ, газрын тос, хийн нийлүүлэлтээ сэргээхээр тохиролцлоо. НҮБ-аас санаачлан Шведэд болж байгаа Иемений энхийн яриа хэлэлцээг дуусахаас өмнө талууд харилцан бие биедээ итгэлцэл төрүүлж нааштай алхам хийхийг барууны улсууд уриалж шахалт үзүүлсний дагуу талууд лхагва гарагт ийн "Хуйти" босогчдын эзэмшдэг Санаа хотын нисэх буудлын үйл ажиллагаа, газрын тос, хийн нийлүүлэлтийг сэргээхээр тохиролцсон байна.

Саудын Арабын дэмжлэгтэй Иемений Засгийн газар, Засгийн газрын эсрэг тэмцэж буй Ираны дэмжлэгтэй "Хуйти" босогчид өнөөдөр ч сөргөлдөөн болж буй боомт хот Ходейда, өлсгөлөнд нэрвэгдсэн Иемений олон сая иргэний амь амьдралын талаар үргэлжлүүлэн яриа хэлэлцээ хийж байгаа юм.

Гэхдээ анх удаа сөргөлдөгч талууд бүгд оролцож буй энэ уулзалт пүрэв гарагт дуусах тул “Ходейда хотын нөхцөл байдлыг бүрэн шийдвэрлэх тохиролцоо гэрээ байгуулж амжихгүй байж магадгүй. Эхний ээлжинд итгэлцэл бий болгох хэрэгтэй” гэж Иемений Ерөнхий сайд Мэйн Абдулмалик Сайед хэвлэлийнхэнд ярьсныг "Ройтерс" иш татан мэдээлж байна.

Хурлын сүүлийн өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш оролцож, бараг дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа Иемений иргэний дайн байлдаанд цэг тавих улс төрийн ахиц гаргахад нөлөөлөх зорилготой байгаа гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр Иементэй энэ асуудлаар хэлэлцэхийг Саудын Арабын хунтайж Мухаммед бен Салманаас хүссэн тухай Саудын төрийн мэдлийн агентлаг мэдээлжээ.

Сөргөлдөгч талууд оролцсон анхны энэ уулзалтын дараа, дараагийн шатны яриа хэлэлцээ ирэх оны эхээр болж магадгүй байна. Иемений засгийн эсрэг тэмцэж буй "Хуйти" босогчид 2014 онд Иемений эрх баригчдыг хөөн гаргаж, Ходейда, Санаа зэрэг хүн ихээр төвлөрсөн хотуудыг эзэлж суусан юм.

Харин яриа хэлэлцээний хүрээнд энэ хоёр хотын статусыг багтаасан гэрээний сүүлчийн хувилбарыг талуудад хүргүүлсэн гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч  мэдээлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Санаа хотын агаарын үйлчилгээ, газрын тос, хийн нийлүүлэлтийг сэргээхээр тохиролцжээ   
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй