
Санхүүгийн луйвар болон бусад гэмт хэрэгт гэм буруутайгаа хүлээсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгч асан Майкл Коэнд Нью-Йорк хот дахь Холбооны шүүхээс өчигдөр гурван жилийн хорих ял оноожээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу Коэн 2019 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн 36 сарын хугацаанд хоригдох юм байна. Тэрбээр Нью-Йорк мужийн өмнөд хэсэг дэх нэгэн шоронд ялаа эдэлж дуусгахаас гадна бараг хоёр сая долларын торгууль төлөх ёстой байна.
Шүүгч Уильям Поли “Нэгэн үе Коэн ёс суртахууны чиг баримжаагаа гээсэн нь илт байна” гэж яриад “Хуульч хүний хувьд тэр илүү хянуур болгоомжтой байх ёстой байсан” гэжээ. Ялын тогтоол танилцуулахын өмнөх шүүх хуралдаан дээр Коэн “Өөрийн болон АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой бүх гэмт үйлдлийнхээ төлөөх хариуцлагыг дангаараа бүрэн үүрнэ” гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр Трампад “сохроор итгэн үнэнчээр зүтгэж” байсан маань намайг ийм “хар бараан зам”-д хөтөллөө” гэсний зэрэгцээ “Түүний хар бараан хэргүүдийг хааж хаацайлах нь миний үүрэг л гэж ойлгож байсан” гэжээ.
Үүний зэрэгцээ ирэх оны нэгдүгээр сард Ардчилсан намынхан Конгрессийн доод танхимыг хянах болсноор Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх асуудал тавьж болзошгүй юм.
Коэний хэрэгт хамаарсан, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн журмыг зөрчигдсөн хэрэгт Трамп өөрөө холбоотой нь нотлогдвол түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас буулгах ноцтой үндэс болж мэдэх юм.
Дональд Трампын өмгөөлөгч асан Майкл Коэнд 3 жилийн хорих ял оноожээ | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.