
Унгарын нийслэлд байдал улам хурцдаж байна. Учир нь Будапештын төвд өнгөрөгч лхагва гарагаас эхэлсэн Хөдөлмөрийн хуульд оруулах өөрчлөлтийн эсрэг нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа улам газар авч байна. Түүнчлэн тайван эсэргүүцлээ илэрхийлэх уриалгыг үл хайхран баг зүүж нүүрээ халхалсан олон идэвхтэн цагдаагийнхантай мөргөлдөөн үүсгэж байгаа юм.
Будапештын хууль сахиулагчдад уурсаж, хилэгнэсэн олон хүн дайрч орохоос сэргийлэн хууль хүчнийхэн парламентын ордныг бүслэн хаахаас аргагүйд хүрчээ. Эсэргүүцэгчид цагдаагийнхан руу шатамхай шингэнтэй лонх нүүлгэж, замын тэмдэг тэмдэглэгээнүүдийг эвдэн сүйтгэсэн байна.
Хөдөлмөрийн хуульд ажил олгогчдын эрхийг өргөжүүлсэн өөрчлөлт оруулах эрх баригч “Фидес” намын депутатуудын дэвшүүлсэн санаачилга энэхүү эсэргүүцлийн ажиллагаа дэгдэх шалтгаан болсон юм. Тэрхүү хуулийн төслөөр, ажил олгогчдод ажилчин нэг бүрээ жилд 250 цаг хүртэл илүү цагаар ажиллуулахыг зөвшөөрчээ. Үүнээс илүү ажиллуулах нөхцөлд ажилчидтайгаа тохиролцох ёстой гэж заасан байна. Уг өөрчлөлт хөдөлмөрчдийн эрхийг боогдуулж, тэднийг үндсэндээ корпорациудын “боол” болгож байна гэж эсэргүүцэгчид үзэж байна. Эсэргүүцлийг зүүний намууд болон үйлдвэрчний эвлэлүүд дэмжжээ.
Харин уг хуулийн өөрчлөлтийг санаачилсан ерөнхий сайд Виктор Орбаны намын депутат Лайош Коша, Унгарт ажлын долоо хоног найман цагаар 5 өдөр хэвээр байх болно. Харин аливаа илүү цагийн хөдөлмөрийн хөлсийг ажилчдад тооцож олгоно гэж ярьжээ.
Унгарын иргэд Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлтийг хүчтэй эсэргүүцэв | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.